Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /2023.02.09/ “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ыг баталлаа.
Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг хийх танхимын зай талбай хүрэлцээгүй байгаагаас шалтгаалан шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах боломжгүйд хүрэх, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй байсан.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийж болох бөгөөд нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж заасны дагуу дээрх журмыг баталлаа. Ингэснээр иргэдэд шүүхийг ойртуулах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх боломж бүрдлээ.
Улсын хэмжээнд анхан, давж заалдах шатны шүүхийн 41 тамгын газрын 47 байр, 130 гаруй шүүх хуралдааны танхимд жилд дунджаар 81.000, 1 сард 6750, өдөрт 302 шүүх хурал болж байна. Шүүх хуралдааны танхимын талбайн хэмжээг дундажлан авч үзвэл нийслэлд 32.25 м2 байгаа бол орон нутагт 48.13 м2 байна.
Шүүх хуралдааны танхимыг багтаамжаар нь үзэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт 12,5 м2 буюу хамгийн жижиг талбайтай танхим, харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн байранд 234 м2, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд 208.8 м2, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 102 м2 буюу хамгийн том талбайтай танхим тус тус байна. Одоо ашиглаж байгаа хамгийн том танхим нь 100 хүртэлх тооны оролцогчтой шүүх хуралдааныг зохион байгуулах боломжтой. Иймээс 100-аас дээш тооны оролцогчтой шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх шаардлага үүссэнийг ийнхүү дээрх журмаар зохицуулахаар болж байна.
Мөн хуралдаанаар нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 231, 261, 306, 318 дугаар тогтоолоор зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн 26, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, нийт 34 орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулсан тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанаас танилцууллаа.
Сонгон шалгаруулалтын үр дүнгээр анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 8 нэр дэвшигч, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 7 нэр дэвшигчийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сэлгэн ажиллуулах захиалгын дагуу ирүүлсэн шүүгчийн хүсэлтийг хэлэлцэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 шүүгчийг тус шүүхэд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс