ЗОДОГИЙН НАЦАГ
(1943-2023)
Монгол Улсын дээд шүүхийн Ахмадын зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч Зодогийн Нацаг 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
З.Нацаг нь 1943 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрж, 1972 онд Хууль цаазын дунд сургууль, 1983 онд МУИС-ийн хуулийн анги, 1978 онд ОХУ-ын Ленинград хотод мэргэжил дээшлүүлэх курсийг тус тус төгсөж, хуульч мэргэжлийг эзэмшжээ.
Тэрээр 1963-1966 онд Ардын цэргийн 032-р ангид цэргийн алба хаагч, 1966-1969 онд Баян-Өлгий аймгийн цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, 1972-1984 онд Увс аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаалт эрхэлсэн туслах прокурор, 1984-1987 онд Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаалт эрхэлсэн туслах, орлогч прокурор, 1987-1999 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, 1999-2005 онд Орхон аймгийн шүүхэд Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2006-2012 онд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа хариуцсан референт, 2013 оноос өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байлаа.
З.Нацаг нь улсад 60 шахам жил, үүнээс шүүхэд 24 жил, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр 18 жил, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа хариуцсан референтээр 6 жил ажиллахдаа орон нутгийн шүүхийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд хууль хэрэглэх ажиллагааг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр мэдлэгтэй, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй тэргүүний хуульчдын нэг байв.
Тэрээр Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилогдож, Увс аймгийн Шүүх, прокурорын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллахдаа шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бодитой хувь нэмэр оруулсан юм.
З.Нацагийн ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль болон “Шүүхийн тэргүүний ажилтан”, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол, тэмдгүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнажээ.
З.Нацагийн хүнлэг нөхөрсөг, эгэл даруу, эелдэг зөөлөн, ухаалаг, бүтээлч, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Шүүхийн ерөнхий зөвлөл