Нийслэлийн прокурорын газраас шилжүүлсэн “Хөгжлийн банк”-ны асуудалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу хийгдэж байна.

       Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгджээ. Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байгаа юм.

       Энэхүү олон оролцогчтой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар тус шүүхийн Тамгын газар дэмжлэг хүссэний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, туслахуудын тоог нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бичиг хэргийн болон бусад нэмэлт зардлыг гаргах, шүүх хуралдаан явуулах байраар хангах зэрэг асуудлыг судлан шийдвэрлэж байна.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс