Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн баасан гарагт ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар “Asu.mn” домэйн хаяг бүхий хэвлэл мэдээллийн сайт нь баримтын алдаатай, худал мэдээлэл түгээн нэр бүхий шүүгчийн нэр хүндэд халдсан байж болзошгүй асуудлыг хэлэлцлээ.


     Улмаар ташаа мэдээлэл түгээсэн редакцтай холбогдоход тухайн сайт нь алдаагаа хүлээн зөвшөөрч, мэдээгээ устгасан учир цагдаагийн байгууллагад хандахгүйгээр нэгэнт түгээсэн худал мэдээллээ залруулахыг хүсэж, албан бичгээр хандахаар боллоо.

 


     Мөн шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцууд шүүхээр шийдвэрлэж буй хэрэг маргаан, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээг баттай эх сурвалжаас авсан үнэн бодит мэдээлэлд үндэслэн түгээхийг хүсье.


    Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн мэдэх эрхийг ханган хамгаалахын төлөө хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусалж, хамтран ажиллахад хэзээд бэлэн байдгийг үүгээр мэдэгдэж байна.