Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард, Канад улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга ноён Олег Шаков нарын бүрэлдэхүүнтэй Канад улсын зөвлөхүүд 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны урилгаар айлчилж байна.

 

   

   “Олон нийтийг мэдээллээр хангахад шүүгчдийн оролцоо”, “Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт Канадын зөвлөхүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүд, Нийслэл дэх шүүхүүдийн Ерөнхий шүүгч нар оролцсон юм.

 

       

       Хэлэлцүүлэг “Канадын шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх хэвлэл мэдээллийн шинэлэг арга замуудын тухай” сэдвээр хатагтай Мэри Морогийн илтгэлээр эхэлж, уг асуудлын хүрээнд оролцогчдоос асуусан асуултад ноён Марк Ричард, хатагтай  Мэри Моро нар хариулав.

 

     

       Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журмын хэрэгжилт, олон нийтийг мэдээллээр хангах бусад арга хэрэгслийн талаар танилцуулсан бол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхийн шийдвэрийн тойм бичихэд үүсэж буй асуудал, шийдвэрийг тойм хэлбэрээр олон нийтэд хүргэснээр гарч буй эерэг өөрчлөлт, цаашид сайжруулах арга замын талаар илтгэл хэлэлцүүлэв.

       Мөн “Шүүхийн ил тод байдлыг хангах, шүүх хуралдааныг нээлттэй явуулахад анхаарах асуудал” сэдвээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, “Шүүх олон нийттэй харилцах арга хэлбэр” сэдвээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, “Шүүх хуралдааны мэргэжлийн оролцогчдын үүрэг, хариуцлага, ёс зүй” сэдвээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, “Шүүхийн бие даасан байдал, шүүхээс олон нийттэй харилцахад Ерөнхий шүүгчийн манлайлал” сэдвээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар нар мэдээлэл хийж, асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүллээ.  

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс