“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд Канад Улсын шүүхийн төлөөлөгч нарын албан айлчлал хоёрдох өдрөө “Ёс зүйн зөвлөх хороо” сэдэвт хэлэлцүүлгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаар, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Кэтрин Элизабет Ивкоф хоёр улсын хамтын ажиллагааны талаар үг хэлэв.

  

 

 

     Хэлэлцүүлэгт Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ноён Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөр хариуцсан дарга Ноён Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Кэтрин Элизабет Ивкоф, тус яамны Хөгжлийн хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Оюунбилэг болон Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн сахилгын хороо, Дээд шүүхийн дэргэдэх ШССМ-ийн хүрээлэн, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын шүүхийн ахмадын холбоо тус тус оролцож байна.

   

 

     “Ёс зүйн зөвлөх хороо”-ны талаар Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард болон Алберта мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро нар өөрийн улсын туршлагаас танилцууллаа. Түүнчлэн уг хороог Монгол Улсад байгуулж болох эсэх талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо хуваалцав.

       

 

     Ноён Марк Ричард “Тухайлбал, Канад Улсад тухайн шүүгч хэрэг маргааны оролцогчтой ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөлд байгаа эсэхийг “Ёс зүйн зөвлөх хороо” тогтоон шүүгчид зөвлөмж хүргэдэг” гэсэн юм. Монгол Улсад энэ хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах чадамж бүхий субъект нь хэн байж болох талаар илүү нарийн гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа талаар мөн дурдаж байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг “Ёс зүйн зөвлөх хороо байгуулах эрх зүйн орчин” сэдвийн дор Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрэм, эрх зүйн зохицуулалтын түүхэн тойм, тогтолцооны талаар танилцуулав.

 

 

    Үргэлжлүүлэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр “Ёс зүйн зөвлөх хороо ба Шүүхийн сахилгын хороо” сэдвээр, УДШ-ийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг “Ёс зүйн зөвлөх хороо ба ШССМХүрээлэн” сэдвээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Бадрах “Ёс зүйн зөвлөх хороо байгуулах хэрэгцээ шаардлага” сэдвээр, Шүүхийн ахмадын холбооны төлөөлөл “Ёс зүйн зөвлөх хороо ба Шүүхийн ахмадуудын холбоо” сэдвээр тус тус туршлага, мэдээллээ солилцож байгаа юм.

 

  

 

     Хэлэлцүүлэг үдээс хойш Шүүхийн сахилгын хорооны танхимд “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр үргэлжилнэ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс