УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5% нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.
Уг төсөлд Монгол Улсын Шүүхийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн есдүгээр зүйл дэх шүүгчдийн туслахуудаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байхыг шаардах хугацааг 2024 оны 03 дугаар сарын 01 хүртэл нэг жилээр сунгахаар тусгаад байна. Тодруулвал;
9 дүгээр зүйл. "Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана" гэснийг ... "гурван жилийн хугацаанд хангана" болгож өөрчилсөн билээ.
ХЗБХ тус хуулийн төслийг үдээс хойшхи хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд дахин танилцуулахаар боллоо.
Монгол Улсын хэмжээнд шүүн таслах үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжүүлэхэд 116 шүүх, 41 шүүхийн тамгын газарт нийт 450 гаруй шүүгчийн туслах үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Эдгээрийн 230 нь өнөөдрийн байдлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байна. Иймд шүүгчийн туслахад тавих дээрх шаардлагыг хэрэгжүүлэхэд хугацаа шаардагдах нөхцөл үүссэн тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг зохих хуулийн дагуу ШЕЗ-өөс Засгийн газарт танилцуулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлснээр ийнхүү анхны хэлэлцүүлэгт бэлтгэгдэхээр байнгын хороонд шилжлээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс