Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн 41 тамгын газрын дарга нар менежментийн ур чадвараа дээшлүүлэн сургалтад хамрагдах, өнгөрсөн жилийн туршлага, арга зүйгээ хуваалцан хэлэлцэх, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний чиглэл батлахаар цуглаад байна.

 

 

     Сургалт, зөвлөгөөн 2 өдөр үргэлжилж, маргааш дуусна. Эхний өдөр менежментийн ур чадвараа дээшлүүлэх олон талт сургалтыг 08:00 цагаас 17:50 цаг хүртэл “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан, тус байгууллагын Сургалтын албаны дарга Ч.Оюу-Эрдэнэ, “Мера групп”-ийн Бизнес, хөгжил хариуцсан захирал С.Эрдэнэбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, зөвлөх багш Т.Оюунчимэг нар чиглүүлэн явуулах юм.

 

 

      Харин маргааш Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа чиглүүлэн өнгөрсөн жилийн туршлага, арга зүйгээ хуваалцан хэлэлцэх, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний чиглэл батлах зөвлөгөөн 08:00 цагт эхэлж, 18:00 цагт өндөрлөнө.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс