Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Мөнхөөгийн Пүрэвсүрэнг УДШ-ийн нийт шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаас Эрүүгийн хэргийн танхимд хуваарилсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр, Нэргүйн Батчимэгийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр нэр дэвшүүлж, томилуулах саналаа Монгол Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлсэн саналын дагуу М.Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон. Харин нэр дэвшигч Б.Ганболд, Н.Батчимэг нарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн шүүгчээр томилохоос татгалзсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэлийг нягталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн барих эсэхийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс