Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Э.Зоригтбаатар, Б.Ундрах нар лхагва гаригт /2023.01.11/ Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(ЖАЙКА)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглал, энх тайвныг бэхжүүлэх газрын хууль эрх зүйн салбар хариуцсан мэргэжилтэн Ёшимура Кейзуки, Монгол дахь Засаглалын салбарын суурин төлөөлөгч А.Сайхантуяа нарыг хүлээн авч уулзлаа. Мөн уулзалтад Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар байлцлаа.
Уулзалтаар Монгол улсад шүүх дэх эвлэрүүлэн зуучлал ямар түвшинд байгаа болон бусад салбарт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар санал солилцсон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг:
“...Монгол Улсын анхан шатны ...... шүүхэд 45 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж иргэний хэргийн шүүхийн ачааллыг 22,9 хувиар бууруулсан бодит үр дүн гарсан. Нийслэл дэх эвлэрүүлэн зуучлагч нь жилд 2000 орчим хүсэлт хүлээж авч, 500 орчмыг нь шийддэг бол орон нутагт 200 гаруй хүсэлт шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн дүүргүүдэд эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэгдүүлэх хүсэлт их ирдэг боловч, төсөв хүрэлцэхгүй байгаагаас орон тоог нь нэмэгдүүлэх боломж одоогийн байдлаар гарахгүй байгаа тул шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарын ажлын ачааллыг судлах болон тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлага үүсэж байгаа.
(ЖАЙКА)-ийн дэмжлэгтэйгээр Монголд эвлэрүүлэн зуучлал бий болсон. Цаашдаа энэхүү бий болсон тогтолцоогоо төлөвшүүлэх, цаашдаа эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр дэмжлэг авч, хамтарч ажиллах хүсэлтэй байна.
Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг сайжруулах, одоо үйлчилж байгаа хуулийг илүү боловсронгүй болгох асуудлыг дэмжиж байгаа бөгөөд хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төлөөлөл оруулан ажиллаж байна....” гэв.
ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглал, энх тайвныг бэхжүүлэх газрын хууль эрх зүйн салбар хариуцсан мэргэжилтэн Ёшимура Кейзуки:
“...Эвлэрүүлэн зуучлалын төсөл үр дүнтэй хэрэгжсэнд талархаж байна. Япон Улсын хувьд яг одоо иргэний шүүх дээрээ эвлэрүүлэн зуучлалын цахимжуулалтыг нэвтрүүлж эхэлж байгаа. Энэ талаар харилцан туршлага солилцож, цаашид хамтарч ажиллах боломж бололцоог эрэн хайх болно. Та бүхний илэрхийлсэн хүсэлтийг цааш нь уламжилж, хамтран ажиллах болно” гээд хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.
Уулзалтын дараа ЖАЙКА-ийн төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаатай ажлын байран дээр нь танилцлаа.
Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар