Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Цаасны хэрэглээг багасгах журам”-ыг баталлаа.

 

         Энэхүү журам нь тус шүүхийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа цаасны хэрэглээг багасгах, бичиг хэргийн зардал, цагийг хэмнэх, ажил хөнгөвчлөх зорилготойгоос гадна шүүхийн цахимжилт, шүүх эрх мэдлийн байгууллагын дижитал шилжилтийг бодитой дэмжих ач холбогдолтой юм.

 

         Цахим технологийн дэвшилтэт шийдлүүд, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ амьдралд нэвтэрч, бидний амьдралын хэв маягт тодорхой өөрчлөлтүүд гарсаар байна. Техник, технологийн шийдлүүдийг амьдралд нэвтрүүлж, цахимжих үйл явцыг идэвхжүүлснээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүй болохын зэрэгцээ цаасны хэрэглээ багасаж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ. 

 

            Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан дээрх журам нь энэхүү цахимжих үйл явцад бүрэн нийцэхээс гадна дотоодын нөөц бололцоогоо ашиглаад, ямар нэгэн программ хангамж шинээр хийгээгүй, хууль, журамд харшлахгүйгээр зөвхөн уламжлал болж ирсэн цаасны хэрэглээтэй дадал зуршлаа халах, дижитал шилжилттэй нүүр тулж, дасан зохицох, хувьсан өөрчлөгдөх ажлын эхлэл болжээ. Нөгөө талаар, цахим хувьсгал, дижитал шилжилт нь технологийн сорилт гэхээсээ илүү хүмүүсийн сэтгэлгээний сорилт юм.

 

            Иймд холоос биш ойроос, дээрээс биш дэргэдээсээ өөрчлөлт, шинэчлэлтийг хийж, байгаль орчинд ээлтэй технологийн шийдлийг нэвтрүүлсэн, цахим шилжилтийг дэмжин ажиллахыг УРИАЛЖ байна.  

Тогтоол, журмыг Энд дарж үзнэ үү


 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх