Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны ээлжит 01 дүгээр хуралдаан өнөөдөр /2023.01.05/ боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д уламжлахаар болов.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Тус хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Шүүгч туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна” гэж, Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана” гэж заасан байна.
Улсын хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар, анхан болон давж заалдах шатны 116 шүүхийн 41 Тамгын газарт нийт 454 шүүгчийн туслах ажиллаж байгаагийн 224 нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, харин хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй 230 хүн ажиллаж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрэхээр байгаа юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана” гэж заасныг гурван жилийн хугацаанд болгон өөрчлүүлэх саналыг УИХ-д уламжлахаар тогтов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс