Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцох юм.

 

        Энэ удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалт өнөөдөр(2023.01.03) эхэллээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын" шалгалт өгч байна.

 

 

         Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 сул орон тоонд 55 нэр дэвшигч бүртгүүлснээс 50 нэр дэвшигч шалгалтад оролцлоо. Үргэлжлүүлэн 11:30 цагаас “Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн” шалгалтад Анхан шатны шүүхийн нийт 26 сул орон тоонд бүртгүүлсэн нийт нэр дэвшигч оролцоно. Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт энэ сарын 9 хүртэл үргэлжлэх юм.

 

 

       Харин маргааш (2023.01.04) Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчидЭрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын”, анхан шатны шүүхийн шүүгчийн нийт сул орон тоонд нэр дэвшигчид салбар эрх зүйн мэдлэг чадварын шалгалтыг тус тус хуваарийн дагуу авна. Уг шалгалтад бүртгүүлсэн хуульчид цагаа барьж, хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье.

 

Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс