Хуульчдаас шүүгчийг шилж олох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүргийн нэг билээ.
2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг шинэчилж, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж авахаар тусгасан.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчийн сонгон шалгаруулалт явуулах цаг хугацааны хуваарийг нарийвчлан зохицуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн нийт 56 сул орон орон тоонд хоёр удаа сонгон шалгаруулалт зохион байгуулсан юм.
Эдгээр сонгон шалгаруулалтын эрх зүйн тохиолдол шийдвэрлэх болон хууль тайлбарлан хэрэглэх даалгаврыг хуулчид болон сонгон шалгаруулалтад оролцогчдод гарын авлага болгон эмхэтгэн цахимаар гаргаж байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын даалгаврын 2022 оны цахим эмхэтгэлийг хүлээн авна уу.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба