Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Зөвлөлийн ажлын алба, шат шатны шүүхийн Тамгын газрын удирдлага, албан хаагчид Та бүхний амар амгаланг эрье.
ШЕЗ-ийн шүүгч 5 гишүүн 2021 оны 10 дугаар сарын 11-нд Нийт шүүгчдийн чуулганаас сонгогдож, шүүгч бус 5 гишүүнийг Улсын Их Хурлаас сонгон шалгаруулж 2021 оны 11 дүгээр сарын 25-нд болон 12 дугаар сарын 02-нд томилогдож, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдөр ШЕЗ-ийн анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулж, даргаа сонгон Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бүтэн жилийг үдлээ.
Бид хамтын удирдлагын зарчмаар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд Ерөнхий зөвлөл төрийн албаны бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах зарчмыг тууштай баримталж ажиллалаа. Гэхдээ өмнөх он жилүүдийнхээс өөрийн гэсэн ялгаатай, тэр нь шүүхийн шинэтгэлийн нэгэн чухал үе шатны эхлэл байснаараа онцлог хугацаа байсан гэдгийг зориуд тэмдэглэж байна.
- 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог байнгын 10 байхаар, түүний 5 нь шүүгчдээс сонгогдох, 5 нь шүүгч бус хуульчдаас сонгон шалгаруулалтаар томилогдож байхаар, даргаа дотроосоо сонгож байхаар тогтоосон нь шүүхийн захиргааны байгууллагын байр суурийг Үндсэн хуулийн хэмжээнд авчирч, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг баталгаатай хангах, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх замаар шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэгдсэн Төрийн бодлогын хүрээний томоохон шинэтгэл байсан бөгөөд энэ удаагийн ШЕЗ-ийн бүрэлдэхүүн Үндсэн хуульд заасан тэрхүү үзэл баримтлалын дагуу бүрдсэн анхны бүрэлдэхүүн байсан гэдгээрээ онцлог байлаа.
- Үндсэн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаад суурилсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 01 дүгээр сард батлан, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд шүүхийн салбарын харилцаанд зарчмын шинэчлэл авчирсан энэ хуулийг хэрэгжүүлэх гарааны үе байснаараа бас онцлог байлаа. Энэ хуулийн үзэл санаа, зарчим, зохицуулалтыг нэг бүрчлэн судалж, энэ дагуу хуучныг шинэчилж, байхгүйг бий болгох, шинэтгэлийн үзэл санааг тайлбарлан таниулж ажиллах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн энэ үе шатны цаашдын хэрэгжилтийн бат суурийг тавих хариуцлага хүлээж ажилласан хугацаа байлаа.
- Шүүхийн сахилгын хороог бие даалгаж байгуулсан, Шүүхийн сургалт судалгааны хүрээлэнг УДШ-ийн дэргэд байгуулсан гэх мэт өмнөх зохион байгуулалт шинэчлэгдсэн нөхцөлд тэдгээртэй хамтран ажиллах, хууль тогтоомжийн шинэчлэгдсэн орчинд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага тулгарч, түүнийг зохистойгоор шийдвэрлэж ажиллах жишиг тогтооход бас чухал хугацаа болж өнгөрч байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо 1 жилийн хугацаагаар сонгож дахин сонгогдохгүй байхаар заасан. Энэ дагуу ШЕЗ-ийг даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусаж, энэ сарын 21-нд дараагийн дарга сонгох хуралдааныг товлон зарлаад байгаа. Энэ учир шалтгаанаар Дорждамбын Зүмбэрэллхам миний бие Ерөнхий зөвлөлийг даргалж ажилласан хугацаанд ажлын товч тоймыг Та бүхэнд танилцуулж байна. Энэ танилцуулгатай холбоотой дараах зүйлийг тодотгох нь зүйтэй.
- ШЕЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлан хараахан гараагүй, энэ бол тайлангийн үндэс болох товчилсон тойм болно.
- Энд ШЕЗ гэдэг хамтын удирдлагатай байгууллагын өнгөрсөн нэг жилийн хугацаанд амжуулсан ажлыг товчлон тусгасан. Үүнд Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, шүүхийн Тамгын газрууд, шүүхүүд, шүүгч нарын хичээл зүтгэлийн үр дүнг нэгтгэж авч үзэхийг хичээсэн.
- Ажлын тойм учраас гишүүд болон албан хаагчид хэн нэгний нэрийг дурдаагүй, тоо баримт, судалгаа, мэдээллээр тэр бүр баяжуулаагүй.
Нэг. Зохион байгуулалтын талаар
Өмнөх Зөвлөл багагүй хугацаанд бүрэлдэхүүн дутуу байсан, дараагийн Зөвлөлийн бүрэлдэхүүн бүрдэхэд нэлээд хугацаа шаардсантай холбоотойгоор шийдвэрлэх асуудал хуримтлагдсан, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн захиргааны сул орон тоог хуульд заасны дагуу нөхөх үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон, Монгол Улсын шүүхийн тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу олон тооны эрх зүйн акт баталж мөрдүүлэх шаардлага үүссэн гэх мэт цаг үеийн байдлаас шалтгаалан ихээхэн хүлээлт үүссэн нөхцөлд бид ШЕЗ-ийн ажлыг хүлээж авсныг Та бид мэдэж байгаа. Эдгээр хүлээгдсэн асуудлуудыг аль болох богино хугацаанд хөдөлгөөнд оруулж, шуурхай шийдвэрлэхийн тулд эхнээсээ зохион байгуулалтыг оновчтой хийх хэрэгтэй байсан. Энэ үүднээс дараах зохион байгуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авсан.
- ШЕЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байхаар хуульд заасан учраас хамтын удирдлагын зарчмаар ажилладаг Ерөнхий зөвлөлийн үндсэн хуралдааныг тогтмолжуулах арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй болсон. Энэ дагуу ШЕЗ-ийн хуралдааныг ээлжит, ээлжит бус, сахилгын, сонгон шалгаруулалтын гэх мэтээр төрөлжүүлж, 7 хоног бүр хийх ээлжит хуралдааны өдрийг товлон тогтмолжуулж, бусад хуралдааныг үндэслэл шаардлага гарсан даруйд товлон зохион байгуулах дэг тогтоон чанд мөрдөж хэвшсэн нь Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
- ШЕЗ-ийн орон тооны 10 гишүүнтэй болсны давуу талыг харуулахуйц зохион байгуулалтад оруулах, тэдний мэдлэг чадварыг оновчтой ашиглах, аливаа асуудалд бүх гишүүдийн тэгш оролцоог хангаж, багийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар яаралтай зохион байгуулалт хийх хэрэгтэй болсон. Энэ дагуу бүх гишүүдийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн гүйцэтгэхээр заасан 5 үндсэн чиг үүргийн дагуу 5 хороо болгон дотоод зохион байгуулалтад оруулж, тус бүрийн ахлагчдыг томилон гишүүдийг хороодод хуваарилж ажиллуулсан нь гишүүн бүрийн боломжийг жигд дайчлан богино хугацаанд багтаан олон асуудал шийдвэрлэхэд ихээхэн дөхөм үзүүллээ.
- ШЕЗ-ийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, шүүхийн захиргааны үйл ажиллагааны талаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шинэ үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн баталж, ажиллуулсан нь Ерөнхий зөвлөл болон ажлын албаны бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, шуурхай, бүтээлч ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд сайн үр нөлөөтэй болсныг бид өнгөрч байгаа оны үйл ажиллагааны бодит үр дүнгээс харж болохоор байна.
- Шүүхийн Тамгын газруудад хүргэх болон тэднээс хүлээж авах мэдээллийн урсгалыг хөнгөвчилж, бодлого, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэх, хариу тайлагнах, хяналт зохицуулалтын талаар зориудын арга хэмжээ авч, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журмыг батлан мөрдүүлж ажилласнаар Тамгын газруудын үйл ажиллагааг жигдрүүлэх, ажлын уялдаа холбоог хангаж үр дүнд хүрэх, тэдний ажлыг бодитой үнэлж дүгнэхэд ач холбогдлоо өгч байна. Шүүхийн Тамгын газрын дарга нарын болон ажлын албаны удирдах ажилтнууд цахим бүлгээр мэдээлэл шуурхай солилцон ажиллаж хэвшсэн нь үйл ажиллагааны нэгдмэл, шуухай байдлыг хангахад чухал туршлага боллоо.
- Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр байгууллагын цахим хуудсаа шинэчилж, Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас эхлээд, сонгон шалгаруулалт, шийдвэрлэсэн асуудал, авсан арга хэмжээ гэх мэт шүүхийн салбарын хэмжээнд болж байгаа гол үйл явдал, мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр тасралтгүй хүргэх талаар эхний шатны арга хэмжээнүүдийг авсан. Шүүхийн захиргааны үйл ажиллагаа ил тод, нээлтэй, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой байхад энэ арга хэмжээ үр нөлөөгөө өгч эхэлж байна.
Хоёр. Үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдүүлэх талаар
1.2021 онд батлан, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг /Шинэчилсэн найруулга/ хэрэгжүүлэхэд ШЕЗ-өөс дангаар болон бусад байгууллагатай хамтран батлахаар тус хуульд заасан эрх зүйн актуудыг яаралтай батлан мөрдүүлэх шаардлага бидний өмнө тулгарсан. Нэн тэргүүнд авсан арга хэмжээ үүнд чиглэгдсэн бөгөөд хуульд шууд заасан болон агуулгаараа тусгагдсан 51 баримт бичгийн жагсаалт гаргаж, тэдгээрийг боловсруулан батлуулах ажлыг гишүүд тус бүрт хариуцуулан, Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар төлөвлөгөө баталж ажиллуулснаар эдгээр баримт бичгийн 80 хувийг нь баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Баримт бичгүүдийг хууль хэрэгжүүлэхэд ач холбогдлын эрэмбээр нь дараалуулан шийдвэрлэх зарчмыг баримталсан бөгөөд Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба энэ ажилд ихээхэн хүч тавьж ажилласны үр дүн гарч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлынхаа гол хэсгийг нугалж чадлаа.
Шүүхийн болон шүүхийн захиргааны талаарх хуулийн зохицуулалтын үзэл баримтлалд үндсэн өөрчлөлт, шинэчлэлт орсонтой холбоотойгоор эдгээр баримт бичгүүдийн ихэнхийг шинээр боловсруулж баталсан гэдгийг зориуд тэмдэглэж байна. Шинэтгэлийн үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтыг мөн чанараар нь эрх зүйн баримт бичгүүдэд тусгаж боловсруулах, батлах ажил дор бүрдээ тодорхой судалгаа болон шинэ жишиг тогтооход чиглэгдсэн ихээхэн хүч хөдөлмөр шаардаж байсныг зориуд дурдах нь зүйтэй.
Эдгээрээс бодлогын шинжтэй дараах баримт бичгүүдийг онцолж байна. Үүнд:
1.Шүүхийн зохион байгуулалтыг Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу өөрчлөн байгуулах талаар бүрэн эрхийнхээ хүрээнд санал боловсруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, төслийг Улсын дээд шүүхтэй зөвшилцөн, Засгийн газарт хүргүүлсэн. Үүгээр шүүхийн шинэтгэлийн талаарх Монгол Улсын урт хугацааны зорилтыг хангах алхмыг эхлүүллээ. Цаашид хууль болгон батлах үйл явцад Ерөнхий зөвлөл оролцоогоо ханган ажиллаж, эцсийн үр дүнд хүрэх боломжтой боллоо.
Энэ төслийг боловсруулахад эхлээд судалгааны ажлын хэсгийг томилон өмнө баталсан шалгуур үзүүлэлт нэг бүрээр судалгаа хийх ажилд шүүх, шүүхийн захиргаа, бусад мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж, шүүх нэг бүр, шүүгч нэг бүрийн ажлын ачаалал, гүйцэтгэлээс эхлээд маш нарийвчилсан суурь судалгааг хийж тайлан болгож нэгтгэсэн нь зөвхөн шүүх байгуулахад ч биш, ойрын жилүүдэд шүүхийн болон шүүхийн захиргааны үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр судалгаанд суурилан оновчтой шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой боллоо.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсэг томилон ажиллуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Олон талын оролцоо, мэргэжлийн зөвлөгөө, идэвхтэй хамтын ажиллагааны дүнд боловсруулагдсан энэ бодлого нь суурь болон хүрэх түвшин, түүний гүйцэтгэлийг хэмжих шалгуурыг маш тодорхой гаргаснаараа онцлог бөгөөд өмнөх стратеги төлөвлөгөөнүүдээс давуу болсон гэж үзэж байна.
Энэхүү бодлогын баримт бичгийг баталснаар шүүхэд цахим засаглалыг төлөвшүүлэх, захиргааны хүний нөөцийн менежментийг сайжруулах дунд хугацааны хөгжлийн замын зураг тодорхой болж, түүнийг хэрэгжүүлэхэд гадаадын төсөл хөтөлбөрийн хөрөнгө татах, улсын төсөвт зардлаа бодитой төлөвлөн тусгуулахад ихээхэн дөхөмтэй болж байна. Үүгээр шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, хүний нөөцийн удирдлагын шинэ арга туршлагыг нэвтрүүлэх боломж өргөжиж, бодитой үр дүн гаргах нөхцөл бүрдэж байна.
Мөн Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн бодлогыг боловсруулж, хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх зорилгоор ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Ирэх оны эхний улиралд энэ чухал баримт бичгийг эцэслэн боловсруулж дуусахаар төлөвлөсөн байгаа. Энэ бол манай улсын хөгжлийн урт хугацааны бодлогын Засаглалын шинэтгэлийн хүрээнд багтах баримт бичиг учраас Ерөнхий зөвлөл үүнд гол чухал ач холбогдол өгч анхаарлаа хандуулах болно.
Гурав. Шүүхийн хүний нөөцийн талаар
Шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахад нэгдүгээрт, энэ үйл ажиллагааг явуулах талаар хуульд зарчмын өөрчлөлт орсон, хоёрдугаарт, энэ үйл ажиллагааг журамлан хэрэгжүүлэх шаардлага тулгамдсан, гуравдугаарт, шүүгчийн сонгон шалгаруулалт Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн солигдох хооронд багагүй хугацаанд явагдаагүй учир хүлээлт үүсэж асуудал нь хуримтлагдсан байдалтай байсныг дээр дурдсан. Энэ байдлыг хурдан өөрчилж, хэвийн горимд оруулахын тулд юуны өмнө шүүгчид тавигдах болзол шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмыг шуурхай боловсруулж баталсан. Мөн үүнд нийцүүлж сонгон шалгаруулалтын аргачлалыг тодорхой болгож баталсан. Энэхүү журам болон аргачлалын дагуу 2 удаагийн сонгон шалгаруулалтыг хуульд заасан хугацаа, болзлыг чанд баримтлан зохион байгуулж, 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулж байна. Үүний үр дүнд шүүгчийн сул орон тоо нөхөх ажил хууль, журамд заасны дагуу байнга үргэлжлэн явагдах жишиг, туршлага үндсэндээ тогтлоо. Сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлахаас эхлээд, оноогоор эрэмбэлэх, эрэмбээр өргөн барьж томилуулах бүхий л үйл явц нийтэд болон нэр дэвшиж оролцогчдод бүрэн ил тод, ойлгомжтой явагддаг болсон учир оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй байгааг энд тодотгож байна. Нэр дэвшигч шударгаар сонгон шалгаруулагдаж, эрэмбээрээ томилогдох нь шүүгч шударга ажиллахын үндэс болно гэсэн зарчмыг Ерөнхий зөвлөл хатуу баримталж, хараат бус, бие даасан байдлаар энэ үйл ажиллагааг явуулж ирлээ.
Шүүгчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулахын тулд шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай журмыг батлан мөрдүүллээ. Хуульд заасан үндэслэлээр шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай хүсэлт, захиалгыг хүлээн авах, мэдээлэх, шийдвэрлэх ажил энэ журмын дагуу цэгцэрлээ. Шүүгчийг сэлгэн ажиллуулахад дагалдах туслах хүч, байр, сууцны зарим асуудал үүсэж байгаа боловч сэлгэн ажиллуулах зорилго, зорилтыг хангах арга хэлбэр үндсэндээ тогтлоо.
Шүүгчээр ажиллах насны дээд хязгаарт хүрсэн, эсхүл шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээрийн мэдээлэл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хүлээж авч шийдвэрлэх явдал хэвшил болж, энэ талаар ямар нэгэн ялгавар, маргаан гарах шалтгаан бүрмөсөн ариллаа. 55 нас хүрсэн 30 жил шүүгчээр ажилласан гэсэн шалгуураар шүүгчийг тэтгэвэр тогтоолгох асуудлаар Ерөнхий зөвлөл одоогоор шийдвэр гаргаагүй байгаа нь эрх зүйн нэг мөр ойлголт бүрдээгүй байгаатай холбоотой.
Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 699 шүүгчийн орон тоотой байхаар баталсан боловч уг тогтоолыг мөрдсөнөөс хойш 200-аад шүүгч байнга дутуу ажиллаж, тогтоол гарах үеийнхээс ажиллаж байгаа шүүгчийн тоо ахиагүй нь ШЕЗ-ийн төсөвт нэмэгдвэл зохих шүүгчдийн цалин тусгагдахгүй байсантай холбоотой байна. Зөвлөл үүнд дүгнэлт хийж, уг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж, удаа дараа асуудал танилцуулсны үр дүнд 2023 оны төсөвт 40 шүүгч нэмэхээр батлуулж, жил бүр шат дараатай нэмэгдүүлэн тогтоолд заасан орон тоонд хүргэх эхний алхмыг хийлээ. Энэ нь одоогоор хэт ачаалалтай байгаа шүүхүүдийн ачааллыг бууруулж, хэвийн байдлыг хангах талаар авч байгаа бодитой арга хэмжээ болж байна.
Зарим дүүргийн шүүхүүдийн шүүгч нарт хэт ачаалал үүсэж, шүүгчийн орон тоо дутагдаж байгаа бодит нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхийн тулд Ерөнхий зөвлөлөөс УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, тухайн дүүргүүдийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д тавьж хэт ачаалалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон 7 шүүхэд 25 шүүгчийг нэмж ажиллуулах боломж нээгдлээ. Эдгээр орон тоонд сонгон шалгаруулалт явуулж, шүүгчдийг нэмж томилсноор шүүгчийн ачаалал харьцангуй жигдэрч, хэргийн шийдвэрлэлтэд үр нөлөөгөө үзүүлнэ гэж тооцож байгаа.
Ерөнхий зөвлөл шүүгч нарын төрийн албанд ажилласан жилийг нэгдсэн журмаар, шинээр томилогдсон шүүгч нарынхыг тухай бүр тогтоодог болсноор шүүгч нарын төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл ямар нэгэн алдаа, маргаангүйгээр тогтоогдож, цалин жигд зөв тооцогдон олгогдох нөхцөлийг бүрдүүллээ.
Дөрөв. Шүүхийн захиргаа, хүний нөөцийн талаар
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийн захиргааны хүний нөөцийн сонгон шалгаруулалт явагдалгүй удсан, тухайн нөхцөлөөр тайлбарлагдах түр томилгоо ихтэй, сул орон тоо хэт олширсон нөхцөл байдлыг яаралтай өөрчлөхийн тулд нэн тэргүүнд төрийн албаны хууль, тогтоомжид нийцсэн байдлаар сул орон тоог нөхөх, томилгоог хуульд нийцүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон. Үүний тулд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийг ажлын албанд шинэчлэн байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлд тавьж шийдвэрлүүлэв. Улмаар уг Салбар зөвлөлөөс сул орон тоог төрийн албаны хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт явуулж нөхөх, томилгоог хуульд чанд нийцүүлэх арга хэмжээг тууштай явуулж энэ үйл ажиллагаа одоо хэвийн байдалд орлоо. Эхний үед энэ хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцэх хандлага шүүх, шүүхийн захиргааны зүгээс мэр сэр гарч байсан боловч шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдлийн салбарт зөвхөн хууль ёсны томилгоотой албан хаагчид ажиллах ёстой гэсэн шаардлагыг одоо хаана, хаанаа хүлээн зөвшөөрч, энэ талаар нэгдсэн бодлого, үйл ажиллагаа явуулдаг боллоо.
Шүүхийн захиргааны ажилтнуудын зэрэг дэв тогтоох, нэмэгдэл, шагнал урамшуулалтай холбоотой асуудлыг тухай бүр зохих журмын дагуу, хууль тогтоомжид заасан болзол нөхцөлийг нь харгалзан олгож байх талаар шүүхийн захиргааны бүх нэгжүүдийн удирдлагад чиглэл болгосноор энэ асуудалд зарчимтай, жигд ханддаг арга барил тогтлоо. Ажил эхлэх гарааны үед энэ талаар өргөдөл, гомдол их ирдэг байсан нь багассаар одоо тасрах шинжтэй болж байгаа нь ийм дүгнэлт хийх бас нэг үндэс болж байгаа юм.
Энэ хугацаанд шүүхийн захиргааны жинхэнэ албан хаагчдын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулснаар үндсэн цалин оны эхнээс 20-40 хувь нэмэгдэж, шүүхийн үйлчилгээний албан хаагчдын цалинг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж хэрэгжүүллээ.
УИХ-ын 2021 оны 03 дугаар тогтоолд заасны дагуу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьж хандсаны үр дүнд шийдвэрлэгдлээ. Энэ нь шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд албан хаагчид тогтвор суурьшилтай, мэргэшиж ажиллахад чухал хүчин зүйл болно гэж тооцож байна.
Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, туслан зөвлөх ажлын хэсгийг томилж, нийслэл болон орон нутагт ажиллууллаа. Энэ ажлын хэсэг одоо дүнгээ гаргах шатандаа орж байна. Энэ бол нэгждээ хүрч ажиллах, нөхцөл байдлаа бодитой мэдэрч, ажлаа зохион байгуулахад чухал арга хэрэгсэл юм. Эдгээр хяналт шалгалтын үр дүн нь ирэх жил шүүхийн захиргаа руу чиглэгдсэн ямар ажил арга хэмжээ явуулах гол чиглэлийг гаргах ач холбогдолтой гэж үзсэн.
Тав. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар
Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар шинээр баталж мөрдүүлэхдээ энэ талаар цагдаагийн байгууллагатай хамтарсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь хамтын ажиллагаанд үр дүнгээ өгч байна.
Энэ чиглэлийн бүх дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангах талаар ШЕЗ, ХЗДХЯ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулаад энэ талаар авах арга хэмжээний саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсний үр дүнд ЦЕГ-ын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд “Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтэс”-ийг 280 гаруй бие бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулж, нийт шүүхийн хэмжээнд энэ нэгж дагнасан чиг үүрэг хэрэгжүүлж, мэргэшин ажиллах боллоо.
Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйлдлийн талаарх мэдээлэл, хүсэлтийг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэрхэн хэлэлцэн шийдвэрлэх талаар үйл ажиллагаа үндсэндээ жигдэрч тохиолдол болгонд хуульд заасан үндэслэлийг нь харгалзан таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариуцлага тооцуулах зэрэг арга хэмжээг тухай бүр тогтмол авч хэвшлээ. Үүний мөрөөр таслан зогсоосон, урьдчилан сэргийлсэн, хариуцлага тооцсон, тодорхой нөхцөл хугацаанд хамгаалсан үр дүн гарч байгааг шүүхүүдэд тухай бүр мэдээлж байгаа. Ялангуяа нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэх талаар түлхүү ажилласан жил боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар шүүгч нарыг шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, мөн оны 199 дүгээр зарлигаар эргүүлэн томилохдоо томилолгүй үлдээсэн нэр бүхий 12 шүүгчийг шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дагуу тэдгээрээс 4 хүнийг 10 орчим жилийн дараа шүүгчийн албан тушаалд томилоод байна. Мөн өөрийнх зөвшөөрлийг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсон талаар гомдол гаргасан 1 шүүгчийг өргөдлийнх нь дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж өмнөх ажлын байранд нь томилууллаа. Шүүгчийн албан тушаалд ажиллах баталгаа, тэдний хараат бус байдлыг хамгаалах, хөндөгдсөн эрхийг нь сэргээхэд чиглэгдсэн ажилд энэ мэтээр бодитой ахиц гарч байна.
Шүүхийн хэргийн хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлын хэсгийг томилж, нийслэл, орон нутагт ажиллуулаад дүнг Зөвлөлийн хуралдаанаар сонсож хэлэлцлээ. Авах арга хэмжээний талаар төлөвлөгөө чиглэл боловсруулагдаж байна.
Зургаа. Шүүхийн ажиллах нөхцөлийг хангах талаар
ШЕЗ-ийн гишүүд багуудад хуваарилагдан нийслэл болон орон нутаг дахь шүүхүүдийн ажиллаж байгаа нөхцөл байдалтай нэг бүрчлэн биечлэн танилцаж, дүнг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн ойрын хугацаанд болон цаашид авах арга хэмжээний талаар чиглэл гаргалаа. Энэ нь бидний ажиллах бүрэн эрхийн хугацаа, цаашилбал урт хугацаандаа баримтлах бодлогод чухал нөлөө үзүүлэх болно.
Шүүхүүдийн ажиллаж байгаа байр, нөхцөл нь эрх зүйн шаардлага, наад захын стандарт, иргэдийн ая тухыг хангах боломжгүй байгаа бодит байдлыг шийдвэр гаргагчдын түвшинд болон олон нийтэд мэдүүлэх, анхаарлын төвд тавих талаар олон талтай арга хэмжээ авч байна. Шүүхийн ажиллах хэвийн нөхцөл хангагдахгүй орхигдож ирснийг одоо хаана, хаанаа мэддэг болж, хэрхэн шийдвэрлэх талаар асуудал бодитой яригдах түвшинд очлоо.
Шүүхүүдийн одоо байгаа чанар стандартын шаардлага хангахгүй байр байшингуудыг тордож додомдох биш, шүүхийн стандарт хангасан зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах асуудлыг төрөөс тусад нь үе шаттай шийдвэрлэх талаар бид асуудлыг тавьж эхэлсэн. Шүүхийн байрны стандартын талаар харьцуулсан судалгаа хийгдэж, энэ талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж ойрын хугацаанд үр дүнгээ танилцуулахад бэлэн болж байна.
Шүүхүүдийн ажиллаж байгаа одоогийн нөхцөлийг сайжруулахад төсвийн боломжийг бүрэн дүүрэн ашиглахад ихээхэн анхаарлаа. ШЕЗ-ийн 2022 оны төсөвт хөрөнгө оруулалтын 4 тэрбум төгрөг тусгагдсаныг хэмнэлтийн хуульд нийцүүлэх төсвийн тодотголоор хасахаар шийдвэрлэж байсныг холбогдох байгууллагуудад шүүхийн төсөв, санхүүгийн хараат бус байдлыг хангахтай холбогдсон байр суурь илэрхийлж, асуудлыг тавьсны үр дүнд хадгалж үлдсэн. Энэ эх сурвалжаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн, Баянхонгор, Дорнод, Ховд, Сүхбаатар, Төв аймгуудын шүүхийн, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн болон ШЕЗ-ийн барилгын их засварыг бүрэн хийж дуусгасан. Үүнээс гадна боломжит эх сурвалжийг дайчлан 4 шүүхийн барилгад урсгал засвар хийж, хэд хэдэн шүүхүүдийн дээвэр, барилгын инженерийн шугам сүлжээг шинэчилж засварлах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
2022 оны төсөв 70 тэрбум байсан бол Хэмнэлтийн тухай хууль үйлчилж байгаа нөхцөл байдалд 2023 оны төсвийг 90 гаруй тэрбум төгрөгт хүргэж баталлаа. Энэ бол шүүхийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх зайлшгүй шаардлага байгааг Ерөнхий зөвлөл холбогдох байгууллагуудад бодитой танилцуулж хамтарч ажиллаж чадсаны үр дүн юм. Төсвийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хянасан хэмжээнээс багасгахгүй батлахаар Шүүхийн тухай хуульд шинээр тусгасан заалтыг хэрэгжүүлэх жишиг ийнхүү тогтлоо.
Долоо. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг дэмжин бэхжүүлэх талаар
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнтэй хамтран ажиллах гол байгууллага учраас тус зөвлөлийн үйл ажиллагааны тайланг анх удаа ШЕЗ-ийн хуралдаанаар сонсож хэлэлцэн чиглэл, зөвлөмж өглөө.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загваруудыг шинэчлэн баталж, ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн томилж, зөвлөлийг шинээр байгуулж, даргыг сонгож томилон ажилд нь орууллаа.
Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн эрх зүйн орчин дутмаг явж ирсэнтэй холбогдуулан эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх шалгалтын журмыг гаргах, эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургалт хийх, эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг шалган зөвлөж туслах чиглэлээр тодорхой ахиц гаргах эхний алхмууд хийгдлээ.
Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх, эрх зүйн орчныг нь сайжруулах талаар оролцогч байгууллагуудын хамт томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, тэнд гарсан саналыг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөлд тусгуулахаар хүргүүлээд байна. Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг шүүхийн ачааллыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах түвшинд хөгжүүлэн өргөжүүлэх нь бидний цаашдын зорилт байх болно.
Найм. Шүүхийн тусгай архивын талаар
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тушаалаар “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан. Энэ ажлыг ингэж зохион байгуулахгүй бол олон жил, үр нөлөө сул байдлаар сунжран явагдахаар байсан учраас энэхүү эрчимжүүлэх арга хэмжээг авсан.
Тус төлөвлөгөөнд тусгагдсанаар 2022 онд Шүүхийн тусгай архивт 10 гэрээт ажилтан, 21 аймаг дахь шүүхийн Тамгын газрыг тус бүр нэг гэрээт ажилтан, өндөр хурдны скайнераар, 2023 онд нийслэл, дүүрэг дэх шүүх, 8 сум дахь сум дундын шүүхийг өндөр хурдны скайнераар тус тус хангаж, 2024 онд Шүүхийн тусгай архивт 6 гэрээт ажилтан ажиллуулах, нийт хадгаламжийн нэгжийн цахимжилтийг 60 хувьд хүргэх боломж бүрдсэн.
“Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд 2022 онд эрх зүйн актын өнгөн хувийн 50 хувийг бүрэн цахимжуулж дуусгахаар төлөвлөгдсөн. Шүүхийн тусгай архивт 14881 хадгаламжийн нэгж, эрх зүйн актын өнгөн хувь хадгалагдаж байгаагаас 5150 хадгаламжийн нэгжийн өнгөн хувийг цахимжуулсан нь нийт өнгөн хувийн 34,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 31.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ ажил төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.
Тусгай архивын зориулалтын байрны асуудлыг шийдвэрлэх ёстой гэдгийг Ерөнхий зөвлөл анхааралдаа авсан байгаа.
Ес. ШЕЗ-ийн дотоод болон гадаад харилцааны талаар
Иргэд, олон нийттэй харилцах харилцаагаа өргөжүүлэх, бодлого, үйл ажиллагаандаа шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид, сонирхогч талууд, тусгай мэдлэгийн хүрээний мэргэжилтнүүдийн оролцоог аль болохоор татаж оролцуулах бодлого баримталж ажилласан нь бидний гаргаж байгаа бодлого, шийдвэр чанартай болох, тэдгээрийг ойлгож, хүлээж авах тал дээр эерэг үр нөлөө үзүүлж байна.
ШЕЗ төрийн эрх мэдлийн бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах бодлогыг баримталж ажиллалаа. Шүүх, шүүхийн захиргааны зүгээс бие даасан, хараат бус байдлаа хангах зарчмыг хаалттай бус харин нээлттэй арга замаар хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг бид баримталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УДШ-ийн бүрэлдэхүүнтэй Ерөнхий зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзалт хийж, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнд хүргэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар саналаа солилцсон нь үр дүнтэй боллоо.
Гадаад харилцаанд олон улсын байгууллагууд болон улс орнуудтай харилцаагаа өргөтгөж, Хууль зүйн туслалцааны байгууллагатай гэр бүл, хүчирхийлэл, жендерийн талаар мэргэшүүлэх, Ханнс Зайделийн сантай иргэдийн төлөөлөгчийн оролцоог илүү үр нөлөөтэй болгох, Жайкатай эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо бүрдүүлэх, өргөжүүлэх, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хэргийн хөдөлгөөний цахим системийн хөгжүүлэлт, шүүхийн захиргааны мэргэшүүлэх сургалтын тогтолцоо бүрдүүлэх талаар хамтын ажиллагааг өргөжүүлэн үргэлжлүүлэх чиглэлээр хэлэлцэж, амжилттай хамтран ажиллаж байна. Канадын Шүүхийн асуудал эрхэлсэн комиссарын газартай шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, олон нийттэй харилцах харилцааны талаар, Европын холбоотой шүүхийн цахим шилжилтийн талаар хамтын ажиллагаа тогтоож богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид Сингапур улстай мөн хамтын ажиллагаа тогтоож, туршлага судалж нэвтрүүлэх чиглэлээр цахим уулзалтуудыг хийж, санал солилцож байна.
Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааг тууштай дэмжиж хамтран ажиллах дотоодын болон гадаад нөхцөл байдал харьцангуй таатай бүрдэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тоймыг дүгнэлтгүйгээр есөн хэсэгт хувааж тоймлон танилцууллаа. Тус зөвлөлийг даргалах хугацаанд маш ажил хэрэгчээр хамтран ажилласан Ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны албан хаагчид, шүүхийн Тамгын газруудын удирдлага, албан хаагчид, шүүхийн тухай хууль тогтоомж болон Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжиж тусалж ирсэн нийт шүүгч нартаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
Та бүхэндээ удахгүй угтах шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, 2023 ондоо улам эрч хүчтэй, аз хийморьтой, амжилт бүтээлээр арвин байхын ерөөл дэвшүүлье.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
Дорждамбын Зүмбэрэллхам