Нийслэлийн зарим дүүргийн шүүхийн шүүгч нарт  ажлын хэт ачаалал үүсэж, шүүгчийн орон тоо дутагдаж байгаа бодит нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын 2016 оны “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, тухайн дүүргүүдийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн.

УИХ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа авч хэлэлцээд олонхын саналаар УИХ-ын 2016 оны “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа. Ингэснээр Нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд нийт 24 шүүгчийн орон тоо нэмэгдэж, ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм.  

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр, Б.Ундрах нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулснаар Нийслэлийн дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 24 өөр нэмэгдүүлж, зарим аймгийн сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 сул орон тоог хасахаар болж байгаа юм. Сул орон тоог шилжүүлж, шүүгчдийн хөдөлгөөн хийж байгаа учраас зардал гарахгүй. Шүүгчийн нийт орон тоо, тооны хувьд өөрчлөгдөхгүй, шүүгчийг шилжүүлэх, чөлөөлөх асуудал үүсэхгүй юм.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс