Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 15-ны пүрэв гаригийн ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Ажлын албаны нийт албан хаагчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар цахимаар оролцлоо.

 

Хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Д.Зүмбэрэллхам Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны нэгдсэн  мэдээллийг танилцуулж, товч дүгнэлээ.  

 

 

Тэрээр “Бидний хамтын удирдлагын зарчмаар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн энэ 1 жилийн хугацаанд төрийн албаны бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах зарчмыг баримталсан хэдий ч өмнөх он жилүүдийнхээс өөрийн гэсэн ялгаатай, тэр нь шүүхийн шинэтгэлийн нэгэн чухал үе шатны эхлэл байснаараа онцлог байлаа” хэмээн тэмдэглэсэн юм.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар сонгож, дахиж сонгогдохгүй байхаар заасан. Энэ дагуу ШЕЗ-ийг даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусаж, энэ сарын 21-нд дараагийн дарга сонгох хуралдааныг товлон зарлаад байгаа юм. Түүний бүрэн эрхийн хугацаанд ШЕЗ-ийн хуралдааныг ээлжит, ээлжит бус, сахилгын, сонгон шалгаруулалтын гэх мэтээр төрөлжүүлж, 7 хоног бүрийн пүрэв гаригт  ээлжит хуралдааны өдрийг товлон тогтмолжуулж, бусад хуралдааныг шаардлага гарсан даруйд товлон зохион байгуулах дэг тогтоож хэвшсэн. Хуульд заасан ШЕЗ-ийн үндсэн чиг үүргийн дагуу 5 хороо болгон зөвлөлийн гишүүдийг зохион байгуулж ажилласан нь богино хугацаанд олон асуудал шийдвэрлэхэд дөхөм болсныг тэрээр онцолж байлаа. Ажлын албаны удирдах ажилтнууд болон шүүхийн тамгын газрын дарга нартай цахим бүлгээр мэдээлэл шуурхай солилцох ажлыг хэвшүүлж, зөвлөлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр байгууллагын цахим хуудсаа шинэчилж, шүүхийн салбарын гол үйл явдал, мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр тасралтгүй хүргэхэд анхаарч ажилласнаа илэрхийлсэн юм.

 

 

Үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч, хуульд нийцүүлэн батлах шаардлагатай 51 баримт бичгийн жагсаалт гаргаж, 80 хувийг нь баталж хэрэгжилтийг хангаж ажилласан байна. Шүүх, шүүхийн захиргааны хүний нөөц, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар, шүүхийн ажиллах нөхцөлийг хангах, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг дэмжин бэхжүүлэх, шүүхийн тусгай архив, ШЕЗ-ийн дотоод болон гадаад харилцаа гэсэн есөн чиглэлээр 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мэдээллийн төгсгөлд өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан ШЕЗ-ийн гишүүд, Ажлын алба, шүүгч, шүүхийн Тамгын газрынханд талархал илэрхийлэв.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс