Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр Б.Ундрах нар 2022 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр УИХ-ын Хууль зүйн Байнгын хороонд ажиллаж, “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцүүллээ. Энэ үеэр тогтоолын төслийг боловсруулсан тухай дэлгэрэнгүй танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн албан бичгээр 2016 онд баталсан “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай саналыг ирүүлсэн юм. Улсын Их Хурлын 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр баталсан 42 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгч 25, шүүгч 118, нийт 143, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгч 1, шүүгч 15, нийт 16, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 9, шүүгч 93, нийт 102, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 9, шүүгч 79, нийт 88, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 22, шүүгч 82, нийт 104, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 21, шүүгч 99, нийт 120, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 21, шүүгч 66, нийт 87, сум дундын шүүхэд Ерөнхий шүүгч 8, шүүгч 31, нийт 39 байхаар заасан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 699 шүүгч ажиллахаар тогтоосон.

 

      Өнөөдрийн байдлаар 486 шүүгч ажиллаж байгаа буюу 203 шүүгч дутуу ажиллаж байна. Шүүхийн ернхий зөвлөлөөс шүүгчийн ажлын ачааллыг судлах зорилгоор 2017-2021 он буюу таван жилийн улсын хэмжээнд шүүн таслах ажиллагааны тоон мэдээнд үндэслэсэн судалгаа хийжээ. Үүний дүнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ачаалал бусад шүүхүүдийн ачааллаас өндөр байгаа ч орон тооны дутагдалтай гэсэн дүн гарсан байна.

 

        Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүх хүлээн авсан нийт эрүү, иргэн, захиргааны хэргийн 60-65 хувь, шийдвэрлэсэн хэргийн 50-58 хувийг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд шийдвэрлэдэг гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд энэ тоо жил тутам нэмэгдэж байгааг мөн дурдсан. Тухайлбал, Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 17 байхаар тогтоосныг 27, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 16 байхаар тогтоосныг 21, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 11 байхаар тогтоосныг 19, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн орон тоо 14 байхаар тогтоосныг 20, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 15 байхаар тогтоосныг 21 болгон нэмэгдүүлэх шаардлага байгааг судалгааны дүнгээр тодорхойлжээ.

 

      Иймд зарим аймгийн сум дундын Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүх, зарим суман дахь Сум дундын шүүхийн шүүгчийн сул байгаа орон тоог хасаж, ачаалал ихтэй байгаа нийслэлийн зарим дүүргийн шүүхэд нэмэх байдлаар ачааллыг бууруулах боломжтой хэмээн үзсэн байна. Шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлснээр хэргийг шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэх төдийгүй иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд бодит үр дүн үзүүлнэ гэж үзээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Төсөлд дүүргийн Эрүүгийн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг 19-өөр нэмэгдүүлж, зарим аймгийн сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, сум дундын шүүгчийн 19 сул орон тоог хасахаар боловсруулжээ. Сул орон тоог шилжүүлж байгаа буюу шүүгчдийн хөдөлгөөн хийгдэхгүй учраас зардал гарахгүй бөгөөд шүүгчийн нийт орон тоо өөрчлөгдөхгүй, шүүгчийг шилжүүлэх, чөлөөлөх асуудал үүсэхгүй юм байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг баримтлан боловсруулсан байна.

 

Эх сурвалж: УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо