Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт “Шүүхийн мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичгийн талаар танилцууллаа.

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны хоёдугаар сарын 9-ний өдрийн 24, 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар тушаалаар шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулсан. Уг ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зөвлөхүүдийг оролцуулан ажилласан.

 

 

       Ийнхүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж ажлын хэсэгт шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажлын онцлогийг бодлогын баримт бичигт хэрхэн тусгах талаар санал санаачилга гаргаж байлаа. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдааны 332 дугаар тогтоолоор “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого” баталсан юм.

 

      Ажлын хэсэг бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж судалгааг хийж, бүх шатны шүүх, шүүхийн Тамгын газраас саналыг авч, бодлогын төслийг хэрэгжүүлэх шийдлийн талаар мэдээллийн технологийн компаниудтай уулзалт хийж, нийт 12 удаагийн ажлын хэсгийн хуралдаан, 2 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан байна. 

 

 

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.11-д “шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.6-д “шүүхийг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх” гэж тус тус заасан.

 

        Шүүхийн байгууллагад 1989 оноос мэдээллийн технологи нэвтрүүлж эхэлснээр шүүх, шүүхийн Тамгын газарт 20 гаруй систем, программ хангамж хэрэглэж байна. Гэсэн хэдий ч эдгээр системүүд нь хууль сахиулах бусад байгууллагын системүүдтэй уялдаа холбоогүй, тайлан, мэдээ гаргах боломж хязгаарлагдмал, гар ажиллагаа ихтэй зэргээр өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаа тул зайлшгүй шинэчлэл шаардлагатай талаарх судалгаа байдаг. Уг бодлогын баримт бичгийг баталснаар дээрх асуудлыг шийдэх суурь нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх