Монголын Хуульчдын холбоо Өмгөөллийн “Ди Би энд Жи Ти Эс” ХХН хамтран зохион байгуулсан "Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022” үйл ажиллагаа энэ сарын 02-ны өдөр боллоо. Үзэсгэлэн яармагт Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа "Төр, захиргааны байгууллагын ажлын онцлог" сэдвийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Уг үйл ажиллагаа хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд, ажил горилогч эрх зүйч болон хуульчдыг ажил олгогч байгууллагуудтай холбох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хуульчийн ажлын байранд тавигдах шаардлага, ур чадварын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогчдын хүний нөөцийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан.
Түүнчлэн Прокурорын ерөнхий зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын олон улсын арбитр, Хууль зүйн үндэсний хүрээлэн, өмгөөллийн нөхөрлөлүүд, "Оюу толгой" ХХК, "АПУ" ХХК зэрэг 20 гаруй байгууллага "Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022” арга хэмжээг дэмжин, өөрсдийн үйл ажиллагааг сурталчиллаа.
Хөтөлбөрийн хүрээнд “Орчин үеийн залуу хуульчдын зайлшгүй эзэмшвэл зохих ур чадварууд”, “Өмгөөллийн болон зөвлөх үйлчилгээний хуулийн фирмийн ажлын онцлог болон шаардлагууд”, “Төр, захиргааны байгууллагын ажлын онцлог”, “In-house counsel буюу байгууллагын хуульчийн ажлын онцлог” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн үйл ажиллагааны үеэр гурван азтан шалгаруулж, зохион байгуулагчдын зүгээс тусгай бэлэг гардуулсан юм.
Эх сурвалж: Монголын хуульчдын холбоо