Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Архивчдын өдөр” өнөөдөр(2022.12.5) тохиож байна. Ойг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Л.Энхбилэг, А.Насандэлгэр нар шүүхийн шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

 

    

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Пүрэвсүрэн, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Цэцэгсайхан нарыг шагнасан юм. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр нэр бүхий 16 албан хаагч энгэрээ мялаав. Энэ үеэр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгаланд "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдэг гардууллаа.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “1924 оны Анхдугаар үндсэн хуулиар шүүхийн захиргааны бие даасан байгууллагын суурь тавигдаж, орчин цагийн шүүхийн архивын түүх эхэлсэн улбаатай. Архивын хэрэг баримтыг цэгцлэх, данс бүртгэлээ хөтлөх нөр их үйлс өрнөсөн Монгол Улсын шүүхийн архивт цахимжуулалтын ажил амжилттай өрнөж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Та бүхэндээ сэтгэл оюун тунгалаг байж, хийсэн ажил, зорьсон үйлс бүхэн нь бүтэмжтэй байхын ерөөл өргөе.” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс