Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн доктор, профессор, Д.Зүмбэрэллхамд Дотоод хэргийн их сургуулийг хөгжүүлэх үйлсэд оруулсан олон жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээний бүтээл, хувь нэмрийг үнэлж, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар их сургуулийн “Хүндэт профессор” цол гардууллаа.

 

 

      Энэхүү ёслолын арга хэмжээ өнөөдөр (2022.11.25) ДХИС-ийн Соёлын төвд болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын гэр бүл, ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдын төлөөлөл оролцон хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор, профессор Д.Энхболд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт, Эрдэм шинжилгээний газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт болон Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Захирлын зөвлөлийн гишүүд, үе үеийн эрдэмтэн судлаач, багш, албан хаагчид оролцов.

 

 

       Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”-ын диплом, ёслолын өмсгөл, хүндэтгэлийн зүүлт, энгэрийн тэмдгийг Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт нар гардууллаа.

 

 

       Энэ үеэр доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол хүртсэндээ туйлын баяртай байна. Би энэ сургуультай олон жил хувь заяагаа холбож явна. Энэ сургуульд багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирлын албыг хашиж, цагдаагийн ахмадаас цагдаагийн хурандаа хүртлээ ажиллалаа. Энэ сургуулийн хаалгаар орж ирэх бүртээ бахархаж, гэртээ ирж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. О.Зоригт захирлын сая танилцуулсан мэдээллээс энэ сургууль олон сайн судалгаа хийдэг, бүтээл гаргадаг, салбарынхаа судалгааны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чаддаг болсон байна хэмээн бодож, бахархаж суулаа. Та бүхэнд баяр хүргэе” хэмээв.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн доктор, профессор, Их сургуулийн “Хүндэт профессор” Д.Зүмбэрэллхам нь криминологи, эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухааны салбарт 20 гаруй нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага туурвиж, гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 50 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, нийтлүүлсэн, Цагдаагийн академи, ДХИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх үйлсэд 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан, Их сургуулийн Эрдмийн болон Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Эрүүгийн процессын эрх зүйн профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, Монгол Улсын эрүүгийн процесс, криминологийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.

 

 

         Энэхүү хүндэт цолыг шинжлэх ухааны тодорхой салбар, их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, дотоод, гадаадын эрдэмтэн, багш, судлаачид хүртээж байхаар тогтоосон байна.

 

 

        Уг арга хэмжээ Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын өдрийг тохиолдуулан их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг тайлагнах, үнэлж, дүгнэх, эрдмийн бүтээл туурвилаараа хамт олноо тэргүүлсэн эрдэмтэн, багш, судлаачдаа шалгаруулан урамшуулах, их сургуулийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдэд хүндэтгэл үзүүлэхээр зохион байгуулагдсанаараа онцлог юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс