Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад 2020-2025 онд хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессэн мужид айлчиллаа.
ХБНГУ-ын Хессэн муж Улсын Хууль зүйн яам
2022.11.08
Төлөөлөгчид Хессен муж Улсын Хууль зүйн яам, Хессен муж Улсын Дээд шүүх, Хессен муж Улсын Шүүхийн мэдээллийн технологийн нэгдсэн алба, Франкфурт хот дахь анхан шатны шүүх, Ротенбург а.д. Фулда дахь Санхүүгийн удирдлага, шүүхийн захиргааны сургууль, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төвд зочилж, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтын тогтолцоо, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа болон шүүхийн байгууллагын цахимжуулалтын үйл явцтай танилцаж, туршлага судлав.
ХБНГУ-ын Хессэн муж Улсын Хууль зүйн яам
2022.11.08
Хессен муж улсын Хууль зүйн сайд Ноён Проф.Др.Роман Посек, муж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Даргалагч шүүгч Хатагтай Др.Руть Рүмер болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази, Латин Америк, Кариб хариуцсан захирал Ноён Маттиас Гиегиерих зэрэг албан тушаалтнуудтай хийсэн уулзалтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэнд чанартай хүргэхэд Герман Улсын шүүхийн байгууллагын үйл ажиллагааны сайн туршлагыг судлан Монгол Улсын шүүхийн тогтолцоонд нэвтрүүлэх боломж, энэ талын хамтын ажиллагааны талаар ярилцав.
ХБНГУ-ын Хессэн муж Улсын Франкфурт хот дахь Анхан шатны шүүхийн захиргааны албан хаагчдын өрөө
2022.11.10
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн шугамаар хэрэгжүүлсэн өмнөх хамтын ажиллагааны үр дүн сайтай байсныг хоёр тал тэмдэглээд цаашид Монгол Улсад явагдаж байгаа шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, шүүхийн захиргааны ажилтныг мэргэшүүлэн сургах тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн байр суурийг харилцан илэрхийллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба