Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган дараах нэр бүхий 12 хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авч байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны долоодугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хүргүүлээд байсан юм. Үүнээс дээрх 12 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томиллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхүүдэд шүүгчийн сул орон тоог нөхөх дараагийн сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ сарын 7-ны өдрөөс нэр дэвшигчийн материалыг хүлээн авч эхлэх юм. Мөн дээрх хугацаанд дахин шинээр сул орон тоо гарвал тус сонгон шалгаруулалттай хамтатган зохион байгуулна. Шүүхийн тухай хуулийн дагуу бүх шатны шүүхүүдийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг ийнхүү тасралтгүй зохион байгуулж байна.
Хуулийн лавлагаа:
Шүүхийн тухай хууль
35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хууль
51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль
12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх: 16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
Хэвлэл мэдээллийн хэлтэс