Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хуралд оролцож, тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардууллаа.
Тэрээр баярын хурлын үеэр мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Дархан хотын шүүхийн Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт оруулсан үлэмж хувь нэмэр, та бүхний хичээн зүтгэсэн он цагийн бахдам түүх ийнхүү бүтэн жарны үнэ цэнийг илтгэж байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийн засаглалыг бэхжүүлж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн Та бүхний өнөөдрийн 60 жилийн ололт амжилт дардан замаар амар хялбар ирээгүйг энэхүү индрээс тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Нийгмийн тогтолцооны шилжилт, хууль эрх зүйн шинэчлэлт нь шүүх эрх мэдэл төдийгүй хууль зүйн салбарын томоохон сорилт шалгуур байсан хэдий ч Дархан хотын шүүхийн шүүгч, үе үеийн ажилтнууд та бүхэн шударга ёсны үйлчилгээг иргэд, олон нийтэд нэр төртэйгөөр үзүүлж ирснийг 60 жилийн түүх нотолно. Шүүгчийн мэдлэг чадвар, шүүхийн ажилтнуудын хичээл зүтгэл, харилцаа хандлага, ёс зүй, үйлчилгээний чанар хүртээмжийг олон нийт алхам тутам соргогоор хянаж буй шүүхийн шинэтгэлийн энэхүү цаг үед Дархан Уул аймгийн шүүх Монгол Улсын шүүхийг амжилтаараа манлайлан түүчээлж ирснийг баярын индрээс онцлон хэлэхэд таатай байна” хэмээн онцлов.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч гэсэн орон тоотойгоор байгуулагдсан түүхтэй. Анхны шүүхийн даргаар С.Баасай, нарийн бичгийн даргаар Х.Лена, тогтоол гүйцэтгэгчээр Г.Пүрэв нар ажиллаж байжээ. Тухайн ондоо эрүүгийн 1, иргэний 21 хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг бөгөөд 1963 оноос зарлага, галч, төлөөлөгч болон шүүгчийн орон тоо нэмэгдэж байжээ.
Улмаар 1974 онд шүүхийн коллегийг, 1975 онд Дархан хотод ардын хэсгийн шүүхүүд байгуулагдаж, 1993 оны 6 дугаар сарын 14-ний Шүүх байгуулах тухай хуулиар хэсгийн шүүхүүдийг нэгтгэн Сум дундын шүүх, хотын шүүхийг Давж заалдах шатны шүүх болгож өөрчилсөн түүхтэй юм байна.
Эдүгээ тус аймаг дахь шүүхүүд хоёр тамгын газарт харьяалагдан Дархан-Уул аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх 7 шүүгч, 15 захиргааны ажилтантай, Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх 8 шүүгч, 32 захиргааны ажилтантайгаар тус тус ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс