Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2022.11.01/ “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар оролцож мэдээлэл хийж, шүүхтэй холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

       Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2022 оны III улирлын нэгдсэн дүн мэдээг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа танилцуулсан юм.

 

 

 

 

Анхан шатны шүүх нийт 52760 хэрэг маргаан хянан шийдвэрлэжээ

 

       Анхан шатны шүүх 2022 оны 3-р улиралд эрүүгийн 10443, иргэний 40852, захиргааны 1465 хэрэг нийт 52760 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20701 зөрчлийн хэрэг шийдвэрлэж, 12485 хүн, 8 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 19958 хүн хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулж, 561 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1206 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 2243 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

 

 

       Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 1775 хэргээр буюу 20.5 хувиар, иргэний хэрэг 10882 хэргээр буюу 36.3 хувиар, захиргааны хэрэг 243 хэргээр буюу 19.9 хувиар тус тус өссөн байна.

 

       Давж заалдах шатны шүүх 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн 1743, зөрчлийн 589, иргэний 2458, захиргааны 609 хэрэг, нийт 5399 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

 

     Хяналтын шатны шүүх 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн 133, иргэний 837, захиргааны 48 хэрэг нийт 1018 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

 

     Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1503 шүүх хуралдаанд 1524 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

 

А. Эрүүгийн хэрэг, зөрчил

 

 

       Монгол Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 20.5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар тус тус өссөн байна. 

 

       Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 12485 хүн, 8 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10910 хүн, 8 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

       1069 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

 

      Зарим гэмт хэргийн тоо өсөв. (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Дээрэмдэх, Хулгайлах, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өссөн дүнтэй байна)

 

       Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

 

Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 54 хэргээр буюу 18.2 хувиар, 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1022 хэргээр буюу 29.9 хувиар, 

Дээрэмдэх гэмт хэрэг 56 хэргээр буюу 49.6 хувиар,

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 205 хэргээр буюу 36.3 хувиар тус тус өссөн байна.

 

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 21.1 хувиар,

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18 хэргээр 5.7 хувиар,

Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 3 хэргээр буюу 37.5 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна. 

 

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

       Монгол Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улиралд шүүхээс торгох ялаар нийт 6165 хүн, 8 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1308 хүн, хорих ялаар 2083 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1354 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

       Өнгөрсөн оноос торгох ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 34.9 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 6.0 хувиар, хорих ял шийтгүүлсэн хүний тоо 12.3 хувиар, зорчих эрхийг хязгаарлах  ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 2.8 дахин тус тус өссөн дүнтэй гарсан байна.  

       Шүүхээс 6165 хүн, 8 хуулийн этгээдийг нийт 9 тэрбум 291 сая 009 мянга 907 төгрөгийн торгох л шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 36.6 хувиар өссөн байна. 

 

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав

       Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улиралд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 186 хүнээр буюу 18.2 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 154 хүнээр буюу 81.9 хувиар тус тус өссөн байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 90 хүнээр буюу 80.4 хувиар өссөн байна. 

 

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав

Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улиралд нийт 107 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 8 хүн буюу 60.0 хувиар өссөн байна.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс эрүүгийн хэрэг 169 хэргээр буюу 10.7 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 140 хэргээр буюу 51.3 хувиар буурсан байна.

 

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 30.5 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2022 оны бүтэн жилд харьяаллын дагуу зөрчлийн 20704 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2718 шийдвэрийг хянасан байна. 73 хуулийн этгээд, 3416 хүнд торгох шийтгэл, 16472 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 594 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 510 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 276 зөрчлийн хэрэгт буюу 54.1 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 127 зөрчлийн хэрэгт буюу 24.9 хувьд нь өөрчлөлт оруулж, 107 зөрчлийн хэрэгт буюу 20.9 хувьд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

Б. Иргэний хэрэг

 

 

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 33.7 хувиар өсөв.

 

       Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 10882 хэрэг буюу 36.3 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд банкнаас олгох зээлтэй холбоотой хэрэг, маргаан 2140 хэргээр буюу 2.3 дахин, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой хэрэг, маргаан 1139 хэргээр буюу 31 хувиар, ажилласан жил тогтоосон хэрэг, маргаан 1051 хэргээр буюу 25.6 хувиар, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотой хэрэг, маргаан 1764 хэргээр буюу 69.4 хувиар, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг, маргаан 901 хэргээр буюу 27.4 хувиар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг, маргаан 109 хэргээр буюу 69.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

 

       Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 502 хэргээр буюу 25.7 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 255 хэргээр буюу 23.4 хувиар буурсан байна. 

 

Эвлэрэл амжилттай болсон хувь нь өмнөх оноос 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна

 

Монгол Улсын шүүхээр 2022 оны 3 дугаар улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 17472 өргөдлөөс 10369 өргөдлийг шийдвэрлэж, үүнээс 6515 буюу 62.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3854  буюу 37.2 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Эвлэрэл амжилттай болсон хувь нь өмнөх оноос 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

В. Захиргааны хэрэг

 

 

       Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өсөв.

 

       Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 243 хэрэг буюу 19.9 хувиар өссөн байна. газрын маргаан 83 хэргээр буюу 32.9 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 103 хэргээр буюу 56.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 17 хэргээр буюу 56.7 хувиар, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан 8 хэргээр буюу 16 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

       Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 98 хэргээр буюу 19.2 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 78 хэргээр буюу 61.9 хувиар буурсан байна.

 

   

   “Хэвлэлийн бага хуралд 32 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцлоо.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс