Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав өнөөдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчидтэй уулзаж, шүүхийн шийдвэрийг олон нийтэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэх шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх талаар танилцууллаа.

 

       Шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх нь иргэд олон нийтийг мэдээллээр хангаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг тайлбарлаад Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхтэй хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хураангуй бичих аргачлал боловсруулж байгааг хэллээ.

       Хэдийгээр 2014 оноос шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь www.shuukh.mn цахим хуудаст нийтэлдэг болсон ч энэ нь олон нийтэд төдийлөн хүрч чадахгүй байгаа юм. Учир нь тус цахим хуудаст хуульч, судлаачид болон хууль зүйн их дээд сургуулийн оюутнууд ихэвчлэн ханддаг байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг олон нийтэд энгийн, ойлгомжтой үг хэллэгээр хүргэх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чухал нэмэртэйг онцолж байв. Мөн шүүхийн шийдвэрийг иргэдэд хүргэх олон улсын туршлагаас жишээ татан хуваалцсан юм.

 

       

       Уулзалтын төгсгөлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, зарим асуудлаар санал солилцов.

 

   

     Тус шүүхийн тамгын газраас шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн ая тухай байдлыг хангах үүднээс шүүхийн байран дахь ариун цэврийн өрөөг үйлчилгээний байгууллагын стандарт шаардлагад нийцүүлэн засварласнаа мөн танилцуулж байлаа. 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс