Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, А.Насандэлгэр, А.Отгонцэцэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.

 

 

        Хүндэтгэлийн уулзалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр: Монгол Улсын шүүх, шүүхийн захиргааны байгууллагын түүхийг бүтээлцэж, өнөөгийн хөгжилд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн үе, үеийн ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаанд өөр өөрсдийн хийж гүйцэтгэж байсан чиг үүргийн хүрээнд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүмүүс. Үе үеийн ахмадуудын ажлын арга барил, хөдөлмөрч зан чанар, хийсэн бүтээсэн бүхэн хойч үе бидэнд үнэт зүйл мэт үнэлэгдэнэ.

 

 

       Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, хуульчдаас шүүгчдийг шилж сонгох, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах, хөгжлийн бодлого боловсруулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн албаны залгамж халааг хадгалж, та бүхний бидэнд уламжлуулан өгсөн ажил, албыг нэр төртэй үргэлжлүүлэхээр хичээн ажиллаж байна. Өнөөдөр энд бидний хүндэтгэлийг хүлээн авч, хүрэлцэн ирсэн ахмадууддаа гүнээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ та бүхнээс гаргасан санал хүсэлтэд анхааралтай хандаж, хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлье гэсэн юм.

 

 

       Мөн уулзалтын үеэр ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ ил тод, нээлттэй байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, цаашдын ажил, шүүхийн шинэтгэл зэргийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа эдгээр үнэт зөвлөгөө, санал, санаачилгыг хүндэтгэн үзэж, ажил албандаа тусган хэрэгжүүлэхээ мэдэгдэн талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөсөн юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс