Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа.
Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулга хийв. Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнтэй байгуулагдсан шинэ бүрэлдэхүүн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр анхны хурлаа хийж, хуралдааны дэгээ баталж, даргаа сонгосон. Дэгийн дагуу гурван төрлийн хуралдаан явагдаж байна. Ээлжит хуралдааныг долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг. Сонгон шалгаруулалтын хуралдааныг тусгай дэгээр явуулж байна. Мөн Шүүхийн сахилгын хорооны гишүүн сахилгын зөрчил гаргасантай холбоотой асуудлыг хэлэлцэх хуралдаан өөрийн онцлогтой учраас тусгай дэгээр явуулж байна хэмээн танилцуулав. Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуулиар заасан таван чиг үүргийн хороонд гишүүдээ хуваан ажиллаж байгааг тэрбээр дурдаад, хорооны зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь үр ашигтай байгааг онцоллоо.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын эхний ээлжийг явуулж дуусчээ. Сонгон шалгаруулалт явуулах аргачлалыг баталж, сонгон шалгаруулалтыг иргэдэд нээлттэй байлгахад гол бодлого барьж ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэлээд эхний сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, санал ирээгүй гэлээ.
Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан хуулийг дагаж гарах 51 баримт бичиг батлагдаагүй байсан бөгөөд чухал бодлогын шинжтэйг нь эхэнд нь эрэмбэлэн баталж, уг ажил 70 гаруй хувьтай явж байгаа гэв. Хоёр сарын хугацаанд үлдсэн баримт бичгийг батлах боломжтой гэсэн мэдээллийг өгсөн.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн хуулийн дагуу Улсын Их Хуралд хүргүүлэх ёстой. Энэ ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгээр ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэж байгааг танилцууллаа.
Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд шүүх өөрийн байртай байхаар хуульчилсан байдаг ч одоогийн байдлаар улсын хэмжээнд есөн шүүх өөрийн байргүй байгаа бол хоёр шүүхийн байрыг цаашид ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан ч акт тавигдсан байранд эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг уулзалтын үеэр дуулгасан. Мөн долоон шүүх түрээсийн байранд, найман шүүх прокурорын байгууллагын байранд үйл ажиллагаа явуулж байгааг хэлээд, шүүхийн төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар танилцуулсан. Төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж, шүүгчийн орон тоо дутагдалтай, нэг шүүгчид ногдох ажлын ачаалал өндөр байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэлж байлаа.
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод танилцуулга хийсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ажлаа аваад удаагүй ч бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд цэгцэрч, жигдэрсэн байгааг онцлоод цаашид Хууль зүйн байнгын хорооноос шүүхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нягт уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс