Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өнөөдөр(2022.09.12-ны даваа гараг) АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер, тус төвийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар оролцлоо.

 

 

     Хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан бодлогын түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх талаар санал солилцов. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Манай улс хууль, шүүхийн салбартаа шинэлэг, орчин үеийн, дэвшилтэт үзэл санааг нэвтрүүлэх, энэ талаар туршлага солилцох өндөр эрмэлзэлтэй. Бид өөрсдөөс шалтгаалах суурь зохицуулалтуудыг цаг алдалгүй зохион байгуулж, техник технологийн шинэ хувьсгал хийсээр байгаа. Энэхүү туршлагаасаа та бүхэнд танилцуулахдаа таатай байна. Түүнчлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг хууль, шүүхийн амин сүнс болсон үзэл санааны эртний уламжлалтай АНУ-ын туршлагаас ч харамгүй хуваалцана хэмээн найдаж  байна” гэсэн юм.

 

     АНУ-ын Мужийн Шүүхийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон “Эрх зүйн систем өөр хэдий ч манай хоёр орон шүүхийн салбарт хамтын ажиллагааны гэрээ  байгуулж, үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Та бүхний шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжүүлсэн хэргийн төрөлжүүлэлт зэрэг мэдээллийн технологийн дэвшилд  суурилсан ажил, аргачлал бидний сонирхлыг маш их татаж байна. Та бидэнд тогтолцооны хувьд ялгаатай зүйлс олон байгаа ч шударга ёсны төлөөх чин эрмэлзэл, зорилго маань нэг билээ. Уг зорилгод хүрэх ажил үйлс бүтэмжтэй сайн байхыг хүсэж байна” гэлээ.

 

 

     АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн төлөөлөгчид энэхүү ажлын айлчлалынхаа хүрээнд орон нутаг, дүүргийн хэргийн хөдөлгөөний систем, үйл ажиллагаатай танилцаж, хэргийн хөдөлгөөний программын сургалтад хамрагдах юм. Мөн  шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, шинэ хандлага, ачаалал багасгах арга зүй, өгөгдөл стандартчилах, шүүх хуралдааны танхимын загвар, цахим мэдээлэл, технологийн ирээдүйн чиг хандлага гэх мэт сэдвүүдээр энэ сарын 13-16-ны өдрүүдэд манай орны шүүхийн захиргааны албан хаагчдад танилцуулга, сургалт явуулна.

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвтэй Монгол Улсын шүүх, хууль, эрх зүйн салбарт шүүхийн захиргааны удирдлагын орчин үеийн чиг хандлага, арга барилыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх бодлогын түншлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2014 болон 2020 онд тус тус “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан билээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс