Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэгтэй шүүгчийн сонгон шалгаруулалтад анхаарах асуудлын талаар ярилцлаа.

 

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэл хугацаандаа дууссан уу? Одоогоор ямар ажиллагаа хийгдэж байна вэ?

 

-Шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчдээс материал хүлээн авах хугацаа дууссан. Нэр дэвшигчдээс ирүүлсэн материалыг нягтлан шалгах ажиллагаа явуулж байна. Эхний байдлаар хяналтын шатны шүүгчийн дөрвөн сул орон тоонд нэрээ дэвшүүлсэн есөн иргэний материалыг шалгаад долоог нь бүртгэсэн тогтоол гаргасан. Хоёр нэр дэвшигчийг тодорхой үндэслэлээр татгалзсан. Нэр дэвшигчээр бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим сайтад байршуулсан, уг тогтоолд нэр дэвшигчид ажлын гурван өдрийн дотор гомдол гаргах эрхтэй. Нэр дэвшигчид бүртгэгдэх ёсгүй хүнийг бүртгэсэн, мөн бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн 2 тохиолдолд гомдол гаргаж болно.

Гомдлыг [email protected]  хаягаар хүлээж авна.

Дараагийн ажиллагаа нь бүртгэгдсэн байгаа нэр дэвшигчийн талаар иргэд олон нийтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нээлттэй мэдээлсэн байгаа. Иргэд олон нийт нэр дэвшигчээс асуух асуулт, санал байвал мэдээлснээс хойш 14 хоногийн дотор [email protected]  хаягаар ирүүлэх боломжтой. Асуулт санал авах ажиллагаа тавдугаар сарын 27-ныг хүртэл явагдана. Нэр хаяггүй саналыг бол хүлээн авахгүй. Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол хүлээн авахгүй.

Мөн хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс авах  хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарь гарсан. Шалгалт 2022 оны тавдугаар сарын 21-22 ны өдрүүдэд болно. Нэр дэвшигчид энэ өдрүүдэд ажлаа зохицуулж, хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Энэ шалгалтын дүн гарсны дараа мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарь гарна. Мөн олон нийтээс санал авна. Олон нийтээс санал авсан нь нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг дүгнэхэд харгалзан үзэх үзүүлэлт болох юм.

 

-Нэр дэвшигчдийн бүртгэлийг хэдий хугацаанд явуулсан бэ?

 

-Нэр дэвшигчээр бүртгэх зарыг  гаргаж, хуульд заасан 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл нэр дэвшигчийн материалыг хүлээж авсан.

 

-Шалгалтад оролцох гэж байгаа нэр дэвшигчдэд анхааруулах зүйл юу байна вэ?

 

-Хуулиар бүртгэлийн системд хандаж материалаа илгээх хангалттай хугацаа олгосон байхад манайхны гаргаж байгаа нэг алдаа бол 30 хоногт нь тулгаад бүртгэл яг хаах өдрийн үдээс хойш сайт руу хандалт хийгээд амжихгүй тохиолдол гарч байна. Шалгалтад ч мөн ийм алдаа гаргаж болзошгүй. Шалгалтын зарыг урьдчилаад долоо хоногийн өмнө гаргаж мэдээлж  байгаа. Тэгэхээр шалгалтын өдрүүдэд ажлаа зохицуулж, хувийн бэлтгэлээ хангах, зарлагдсан хугацаа, цагаас өмнө ирсэн байх шаардлагатай. Шалгалтын үеэр хориглох болон анхааруулах зүйлсийн талаар тухай бүрд нь санамж, зөвлөмж өгнө. Үүнээс гадна хууль журамд заагдсан хориглох заалтуудыг дахин нягтлан харах хэрэгтэй. Тухайлбал нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнтэй утсаар ярих, цахимаар харьцах, биечлэн болон бусдаар дамжуулж холбоо тогтоохоор оролдохыг хориглосон байгаа. Үүнийг зөрчвөл шалгалтад оруулахгүй байх үндэслэл болно. Шалгалт авч байгаа Ерөнхий зөвлөлийн гишүүдийн тухайд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Хэрэв ашиг сонирхлын зөрчил гаргах, шалгалтын асуултыг задлах гэх мэт зөрчил гаргавал ёс зүйн зөрчил гэж огцрох хүртэл арга хэмжээ авхуулах хуулийн зохицуулалттай гэдгийг сануулж хэлье.

Ер нь бол шалгалттай холбоотой бүхий л асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим сайтын шүүгчийн сонгон шалгаруулалт цэсэд байршуулж байгаа. Тухайлбал сорилыг бөглөхдөө юуг анхаарах ёстой талаар зөвлөмж тавигдсан. Иймд цахим хуудас руу ороод мэдээлэл авч байх боломжтой.

 

-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалт ямар шатандаа явна вэ?

 

-Зараа хуулийн хугацаанд байршуулаад материал хүлээн авах хугацааг хаасан байгаа. Нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа дуусаагүй тул хэдэн нэр дэвшигчийг  бүртгэх боломжтой, хэдийг нь татгалзах үндэслэл байгааг урьдчилан хэлэх боломжгүй. Материалын бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгах ажиллагаа явагдаж байна.

 

-Тодруулга өгсөнд баярлалаа. 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс