Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа. Ингэснээр шүүх хуралдааныг онлайнаар явуулах харилцааг зохицуулах эрхзүйн орчин бүрдлээ.

                 Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлуулахгүй зэрэг олон давуу талтай юм. Нөгөө талдаа шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын ажиллагааг хөнгөвчилж, танхимын зай багтаамжтай холбоотой гардаг зарим хүндрэлүүд ч эергээр шийдэгдэх боломжтой болж байна.

                 Энэхүү журам батлагдахаас өмнө дагнасан эрхзүйн зохицуулалт байгаагүй хэдий ч техник, технологийн дэвшил ашиглан Монгол Улсын шүүхүүдэд шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг 2015 оноос үе шаттай зохион байгуулж эхлээд 2021 оны 09 сар хүртэл нийт 35904 шүүх хуралдааныг цахимаар амжилттай зохион байгуулсан туршлага байна.

                       Үүний 21 мянган хэргийн шүүх хуралдааныг нь КОВИД19-ын тархалт идэвхтэй үе буюу 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх 10 сарын хугацаанд хийжээ. Энэ нь дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт товлон зарласан 72327 хэргийн 29 хувийг нь эзэлж байна. Дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар явуулж шийдвэрлэсэн тус шүүх хуралдаануудад  нийт 39657 хүн гэрээсээ/зайнаас/ буюу цахимаар оролцжээ.

                       Эдгээр шүүхүүдийн хэргийн шийдвэрлэлтээс үзэхэд шүүх хуралдааны оролцогчийг цахимаар оролцуулах тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай болсон байна. Гэтэл энэ харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүйгээс цахимаар зарласан шүүх хуралдаан хойшлох, шүүх хуралдааны дэг зөрчигдөх, хэргийн оролцогчийн эрх хөндөгдөх зэрэг сөрөг үр дагаврууд гарах, хуралдаан үр дүнгүй болох эрсдэл үүсэж эхлээд байв.

                    Иймд шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг анх удаа батлан гаргаж, тус харилцааг зохицуулах нөхцөлийг бүрдүүллээ. Тус журмын хэрэгжилтийг хангахад төдийлөн хүндрэл учрахгүй хэмээн тооцож буй. Тодруулбал нийт шүүхүүдэд цахимаар шүүх хурал явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн нь бэлтгэл болно хэмээн үзэж байгаа аж.

 

Товчхон:

                       -   Нэр бүхий 5 шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.

                     -  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдох шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдох хүсэлтийг ханган шийдвэрлэв

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс