С.УЯНГА

 

       Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм  зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хуульзүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхамыг  урьж ярилцлаа.

 

-Таны хувьд мөрдөгчөөс эхлээд багш, судлаач, Ерөнхийлөгчийн зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Элчин сайд, УИХ-ын тамгын газарт ажиллаж ирсэн. Сүүлд ч бас Төрийн албаны зөвлөлд гишүүн байсан. Энэ бүх хугацааг харвал манай улсын хөгжлийн бодлого хаана алдагдчихав гэдгийг олж харсан байж таараа? 

 

-Монгол Улсын хөгжлийг эдийн засгийн боломж ч гэх юм уу олон талаас нь ярьж болно. Миний олж харснаар маш товчхон хэлэх юм бол Монгол Улсын “хар хайрцаг”-ны бодлого тогтвортой, тууштай, төрийн алба, ажил залгамж чанартай байх явдал юм. Энэ бол хөгжлийн гол гарц. Хөгжилд нөлөөлдөг олон хүчин зүйлсийн хомсдлыг  даван туулж болно. Хамгийн гол нь бодлого тогтвортой, зорилгод чиглэсэн үйл ажиллагаа тасралтгүй явж байх ёстой.

Ямар ч намын, аль ч засгийн үед. парламент, Засгийн газар  солигдлоо гээд “хар хайрцаг”-ны гэж хэлж болох хөгжлийн хөдөлшгүй бодлого өөрчлөгдөхгүйгээр бие биенээсээ залгамжлаад урагшилж байх учиртай. Барилгаар бол өмнөхийг нь буулгахгүйгээр нэмээд өрөөд явдаг байх хэрэгтэй. Энэ л их чухал.

Намайг Элчин сайд байхад Чехийн бизнесмэнүүд Монгол руу яваад нэг л зүйлийг хэлж, сэтгэл гонсгор ирдэг байсан. Өмнө нь хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж тохироод бизнесийн нөөц бололцоогоо зохицуулчихаад очтол хариуцсан хүн нь солигдчихсон байдаг. Шинэ хүн ирж шинэ бодлого явж байгаа учраас өмнөх зүйл өөрчлөгдсөн гэж хэлээд сууж байдаг. Энэ бол ганц нэг бизнесмэний асуудал биш. Жижиг хэрэг биш. Монгол Улсын нэр хүнд, итгэлцлийг илэрхийлж байгаа. Ямар ч нөхцөлд бодлогынхоо залгамж халааг тууштай авч явж байж Монгол Улс бол найдвартай түнш гэдгийг дэлхийд харуулж чадвал хөрөнгө оруулагчдыг татаж, илүү хурдан хөгжих боломжтой. Мэдээж сүүлийн 30 жилийн хөгжлийг өмнөхтэй харьцуулашгүй. Гэхдээ Монгол төрийн бодлого, төрийн албаны залгамж чанар маш сайн явж ирсэн бол өнөөгийнхөөс илүү хол явах боломж байсан. Үүнээс болж олон ч боломжоо алдсан.

 

-Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж байсан хүний хувьд энэ зарчмаа ШЕЗ  дээр хэрхэн хэрэгжүүлж байна вэ. 41 Тамгын газрын томилгоо, бүтэц орон тооны шинэчлэл хийхдээ төрийн албан хаагчдыг хохироохгүй байдлаар шийдвэрлэж байгаа юу?

 

-ШЕЗ Гүйцэтгэх нарийн бичиг болон Тамгын дарга нарыг томилдог. 41 Тамгын газартай. Бусад томилгоо шат шатандаа явагдана. Миний олон жил баримталж ирсэн зарчим бол танд хариулсанчлан төрийн алба тогтвортой, чадвартай, мэргэшсэн, залгамж халаатай байх асуудал. Төрийг төрийн алба бүрдүүлж байгаа. Тиймээс төрийн албанд хүндэтгэлтэй хандах, хууль зөрчихгүй байх ёстой. Одоо ч энэ зарчим дээрээ л байгаа. Хүмүүсийн нэрлэдгээр шашинд маш үнэнч, тууштай үзэл баримтлалыг “шашны панат” гэдэг юм билээ. Хэтэрхий харагддаг байж мэдэх ч миний хувьд яг л  түүн шиг төрийн албаны шинэтгэлийн үзэл баримтлалдаа үнэнч яваа. Тиймээс төрийн албан хаагчийг хохироосон, хууль зөрчсөн зүйл гаргахгүйг хичээдэг.

 

-Таны ШЕЗ-д ирэх зам их урт, багагүй саад бартаатай байлаа. Анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт хийсэн нь ч онцлог байв. Тэгж шүүмжлүүлэн энд ирснийхээ хариуг барих хэрэгтэй байх? 

 

-УИХ-ын томилгоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийдэг нь маш зөв алхам болсон. Миний хувьд нээлттэй сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж яаж албан тушаалд томилогдох ёстой вэ гэдгийг харуулах зорилго тавьсан. Зүгээр нэг зам гаргая гэж бодоогүй. Хууль шүүхийн салбарын эрдэмтэн, энэ том айлын нэг гишүүний хувьд шүүхийн энэ том шинэтгэлийнх нь үед зүгээр дэргэдээс нь харах биш хувь нэмэр оруулахыг хүссэн. Энэ зорилгынхоо төлөө л нэрээ дэвшүүлсэн. Чуулган, байнгын хорооны хэлэлцүүлэг дээр надаас “Та яах гэж энэ албан тушаалд очих гээд байгаа юм бэ” гэж асууж байна лээ. Би ч хууль шүүхийн салбарын шинэтгэлд хувь нэмрээ оруулахыг хүсч буйгаа хэлсэн. Итгэх, итгэхгүй хүмүүс байсан л байх. Салбарынхаа төлөө яаж зүтгэдгээ харуулна. Тийм хүн гарч ирдэг юм байна гэж бодог. Миний чин хүсэл эрмэлзэл ийм л байлаа. Төрийн албаны шат болгонд насаараа ажиллалаа. Бодож төлөвлөсөн зүйлс, хуримтлуулсан бага сага туршлага бий.

ШЕЗ бол 10 гишүүнээс бүрдсэн хамтын удирдлагатай байгууллага. Олонхийн саналгүй бол асуудал шийдэгдэхгүй. Төрийн албаны зөвлөлд мөн адил хамтын удирдлагатай байгууллагыг удирдсан, гишүүн нь ч байлаа. Хамтын удирдлагыг хэрхэн үр ашигтай тал руу нь чиглүүлж авч явах талаар өөрийн хэмжээнд туршлага бий. Тиймээс энэ бүх давуу талаа ашиглаж нэрээ дэвшүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад сайн, муу зүйл яригдах нь зүй. Гэхдээ айхтар эмзэглэхээр ноцтой зүйл байсангүй, байх ч үндэсгүй.

 

 

 

-Өмнө нь ШЕЗ-ийн гишүүн байсан хүн дахин томилогдохгүй гэсэн журамтай гэдгийг парламентын гишүүд хэлж байсан. Гэтэл таны ажлын туршлага дотор ШЕЗ-ийн гишүүн байсан гэж бичсэн байна лээ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байхад давхар хоёр жил гаруй ШЕЗ-ийн гишүүн байсан. Тэр үед зөвлөл одоогийнх шиг бие даасан байгууллага байгаагүй. Хуульзүйн сайд, дараа нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч зөвлөлийг даргалах, байгууллагуудаас албан тушаалаар гишүүдийг нь бүрдүүлэх зэргээр орон тооны бусаар үүрэг гүйцэтгэдэг байсан. Хоёрдугаарт, 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулиар зөвлөлийн гишүүн дөрвөн жилд нэг л удаа томилогдоно. Дахин томилогдохгүй гэсэн заалт анх удаа орж ирсэн. Өмнө нь улирч болохгүй гэсэн  хуулийн хязгаарлалт байгаагүй.  Өөрөөр хэлбэл, одоогийн бүрэлдэхүүн Шүүхийн шинэ хуулиар анх удаа томилогдож байгаа юм. Харин энэ дөрвөн жилийн бүрэн эрхээ дуусгасны дараа дахин нэр дэвших юм уу томилогдох боломжгүй. Таны асууж байгаа журмын шинэ хуультайгаа уялдахаас биш хүчингүй болсон хуульд хамаарахгүй. Журмын энэ заалт шинэ хуулийн дагуу томилогдсон бид 10 хүнд хамааралтай юм.

 

-Зөвлөл гурван гишүүнтэй байсан бол шууд 10 болж нэмэгдлээ. Шүүгч болон шүүгч бус хуульч гишүүдээс бүрдэж байгааг нь харвал ямартаа ч парламентын олонхын хүсэл зориг, улс төрөөс ангид ажиллах бололцоо хагас дутуу ч болов бүрдлээ гэж харагдаж байгаа. Гэхдээ олон гишүүнтэй болсонд болгоомжилж байгаа хүмүүс ч бий шүү дээ?

 

 

-Анх удаа 10 гишүүнтэй түүхэн бүрэлдэхүүн бий боллоо гэдэг үнэн. Гишүүдийн тав нь шүүгч бус хуульчид, үлдсэн нь шүүгчдийн дундаас томилогдсон. 2019 оны Үндсэн хуулиар шүүхтэй холбоотой цөөн өөрчлөлт орсны дотор ШЕЗ-ийн гишүүдийг 10 болгоно гэсэн нь хамтын удирдлагатай байгууллагын шийдвэр субьектив байж болохгүй, үүнийг илүү бодитой байлгахын тул гишүүдийн тоог нэмэх нь зөв гэсэн үзэл баримтлалтай холбоотой гэж бодож байна.  Гишүүдийг нэмэхийн зэрэгцээ шүүгч, шүүгч бус гишүүдийн тоог тэнцүүлсэн нь бас субьектив шийдвэр гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой байх. Ямар ч гэсэн  энэ үзэл баримтлал хуулиар баталгаажсан. Эдгээрийг Үндсэн хуулийн шинэтгэлээс эх сурвалжтайгаар боловсруулж баталсан гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.

Хамтын удирдлагатай байгууллага олонхийн саналаар шийдвэрлэдэг учраас таны хэлсэн болгоомжлол байж болно. Тиймээс сөрөг нөлөөлөл гаргахгүй байх үүднээс бүх гишүүд нэг баг болж, ижил зорилго чиглэлтэй байлгах үүднээс удирдаж авч  явах ёстой. Шүүх эрх мэдлийн шинэтгэл нийгмийн шударга ёстой уяатай гэдгийг гишүүн бүр дотроо хадгалчих юм бол нэг их асуудал гарахгүй гэж найдаж байгаа.  Гишүүд бүгдээрээ олон жил салбар тус бүрт шат шатанд ажилласан, судалгаа шинжилгээний ажилд оролцсон туршлагатай. Үүнээс гадна үзэл бодол төлөвшсөн хүмүүс учраас тэгж найдах бүрэн үндэстэй.

Шинэ баг бүрэлдээд гурван сар болоход ямар нэг асуудлыг шийдэж чадалгүй гарч байгаагүй. Долоо хоногт 1-2 хуралдаж олон асуудлыг шийдвэрлэж байна. Урьд нь шийдэгдэж байгаагүй зүйлүүдэд ч хариуцлагатай хандаж жишиг тогтоох маягаар ажиллаж байна. Тал талаас нь ярьж байгаад зөв шийдэлд хүрэх юм байна гэсэн итгэл үнэмшил төрж, урамтай байгаа. Өнгөрсөн хугацаанд ШЕЗ-ийн хуралдаанд хөндлөнгөөс ямар нэг оролцоо, оролдлого, нөлөөлөх гэсэн санаархал байсангүй. Цаашид ямар ч зүйлтэй нүүр туулсан бай энэ зарчмаараа явна гэдгийг хэлж чадна. Ер нь бол зөв зарчим барьж явах нь нийгмийн хөгжлийн гол гарц юм.

 

-Таны хэлснээр Үндсэн хуулиар Зөвлөлийг бэхжүүлж өглөө. Гэтэл  Шүүхийн захиргааны чиг үүрэгт багтдаг ажлыг гурав хувааж, хүчийг нь сулрууллаа гэж сэтгэл дундуур үлдсэн хуульчид байгаа. Дотор нь ороод ажиллахад хүч суларсан эсэх нь мэдрэгдэж байх юм уу?

 

 -Зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан Ёс зүйн нэгжийг Шүүхийн сахилгын хороо болгож бие даалгасан. Сахилгын хороо зөвлөлтэй зэрэгцсэн институци болсныг буруу гэж бодохгүй байна. Шүүгчдэд сахилга хариуцлага  ноогдуулахдаа гол нь биш шүүх бүрэлдэхүүн өөрөө цэвэр, ёс суртахуунтай, алдаа гаргадаггүй байх ёстой. Алдаа гаргаж байгаа юм шиг харагдаж болохгүй. Ингэж байж шүүхэд итгэх итгэл бий болно. Сахилгын талаар өргөдөл мэдээлэл очихгүй ч байсан энэ институци байж байх нь ач холбогдолтой.

Шүүх эрх мэдлийн сургалт судалгааны институтийг улсын Дээд шүүхэд байгуулсан нь ч нэг их алдагдалтай зүйл боллоо гэж бодохгүй байна. Дээд шүүх хуулиа зөв хэрэглэх нэгдсэн бодлогын талаар сургалтыг явуулах, энэ чиглэлийн судалгаа хийх нь үндсэн үүрэгт нь байж болох зүйл. ШЕЗ-д сургалт судалгааны чиг үүрэг бас бий. Хууль дагаж гарах 30-40 журмыг баталж хэрэгжүүлэх, шүүгчдийн ерөнхий ур чадвар, шүүхийн захиргааны  алба хаагчдад зориулсан сургалт судалгаа явуулах бүрэн боломжтой. Дээд шүүх, Зөвлөл хоёр нэг л салбар учраас хоорондоо уялдаатайгаар чиг чигийнхээ ажлыг хийгээд ойлголцоод явахад асуудал гарахгүй. Ер нь шүүх эрх мэдлийн салбарын ажлын уялдаа, ойлголцол их чухал. 

 

-Шинэ хуулиар таны зөвлөлийг даргалах хугацаа нэг жил болсон. Энэ богино хугацаанд юу хийж чадах вэ?

 

-Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаанд дөрвөн дарга солигдоно гэсэн үг. Нэг жил ажиллана. Улирахгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нэг жил ажиллана гэдгийг хууль тогтоогчид ямар үндэслэлээр тооцож, бодож хуульд оруулсныг тайлбарлаж мэдэхгүй байна. Удирдлага солигдож байх нь хамтын удирдлагын байгууллагад хэрэгтэй гэж үзсэн юм болов уу.

Зөвлөлийн 10 гишүүн дундаасаа даргыгаа сонгодог. Нууц санал хураалтаар миний бие сонгогдсон. Гурван хүн даргад нэрээ дэвшүүлсэн. Миний хувьд нэрээ дэвшүүлэхдээ “Эхний жил л даргын ажлыг хийвэл хийе. Дараагийн жилүүдэд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ ний нуугүй л хэлсэн. Хуулийг дагаж гарах дүрэм журам, хэрэгжүүлэхээс эхлээд суурийг нь тавих, шийдэх олон асуудал байна. Зөв эхлүүлэх нь чухал. Нэгэнт энэ байгууллагыг зорьж ирснийх дэм болох хэмжээнд ажил нугалалцая” гэдгээ бас хэлсэн. Манай зөвлөлийн гишүүд намайг дэмжиж эхний жилд итгэл хүлээлгэлээ.

Нэг жил бол эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх боломжгүй маш богино хугацаа. Гэхдээ миний найдаж байгаа зүйл бол хамтын удирдлагатай байгууллагын бүх асуудлаа ярилцаж шийдвэрлэж байгаа зөвхөн тэр бүрэлдэхүүн дундаас дараагийн дарга сонгогдож гарч ирэх учраас бодлого шийдвэр залгамжлагдаад явах давуу талтай гэж бодож байна.

 

- Тухайлбал, та бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхийг шударга бус шүүгчдээс цэвэрлэх үү, улс төрөөс бүрэн ангид ажиллах баталгаа бий юу гээд олон зүйлд хариулт авмаар байна?

 

-Шүүх эрх мэдэл бол хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагатай зэрэгцсэн төрийн бүтэц шүү дээ. Төрийн эрх мэдлийг эдгээр гурван байгууллага хувааж хэрэгжүүлдэг. Аль нэг нь давамгайлахгүй гэдэг ардчилсан нийгмийн алтан зарчим бий. Шүүхийн зохион байгуулалт, шүүгч нарын асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн тухайн үеийн хуульд яаж заасныг даган мөрдөх ёстой. Энэ бол шүүхийн хараат бус байдал. Төрийн бусад институцээс ямар нэг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр шударга ёс хэрэгжүүлэх ажлаа хийгээд явахыг шүүхийн бие даасан байдал, эрх мэдэл гэж байгаа юм.

Юуны өмнө миний бие ШЕЗ-ийг даргалж байх хугацаанд бодлого, үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгийн нөлөө орохгүй. Бүрэн хараат бусаар ажиллана гэдгийг баталгаатай хэлнэ. Хоёрдугаарт, шүүгч нарын дунд цэвэрлэгээ явуулахгүй. Соёлын хувьсгал шиг зүйл байж болохгүй. Харин хэрэг төвөг нь илчлэгдэж шийдвэрлэгдсэн, шүүгчээр ажиллах боломжгүй болсон гэх мэтээр шүүгч нарын эгнээнээс гарсан сул орон зайг жинхэнэ сонгон шалгаруулалтаар, шударга ёсны дагуу нөхөх замаар  шүүгчдийн бүрэлдэхүүн шинэчлэгдэнэ. Хэн хамгийн мэдлэг, ур чадвартай нь томилогдохоос биш ямар ч ашиг сонирхлын нөлөөлөл орохгүй.  ШЕЗ ийм л зарчмыг баримтална гэдгийг хариуцлагатай хэлье. 

 

-Шүүхийн шинэчлэлийн эцсийн зорилго нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал. Гэтэл иргэд шүүхэд итгэхгүй байна. Шүүгчид ч янз бүрийн авлига, хахуулийн асуудалд орооцолддог. Үүнд та ямар үнэлэлт, дүгнэлт хийж байна вэ?

 

-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн эцсийн зорилго нь нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх явдал. Сайн, шударга шүүхтэй гэдэг нь харагдаж байж гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэж ирдэг болно. Шүүх эрх мэдэл бол хөрөнгө оруулагчдыг татах гол үзүүлэлт. Хэрэв шүүх шударга шийдвэр гаргахгүй, шүүхэд итгэх найдлага тасрах л юм бол хүмүүсийн шударга ёсонд итгэх итгэлийн эцсийн найдвар тулах цэг нь болж чадахгүй. Хууль шүүхийн өмнө тэгш эрх ямагт хадгалагдах ёстой.

Сүүлийн үеийн олон судалгаагаар иргэд шүүхэд итгэх итгэл нэлээн доогуур гарсан нь үнэн. Гэхдээ Монгол ажиллаж байгаа 512 шүүгч бүгд болохоо байчихсан юм биш. Зарим нэг шүүгч алдаа гаргаж байгаа нь бусдадаа халдаж, салбарын нэр хүндэд нөлөөлж байгаа нь харамсалтай. Гэхдээ нийтээр нь харлуулж дэвэргэх гэсэн санаархал ч ялангуяа улс төрийн хүрээнд бий. Яг бодит байдал дээр хэргээ шударга бусаар шийдүүлээд гомдолтой явж байгаа хүн цөөн. Шүүхэд итгэж, талархаж байгаа нь илүү олон гэж бодож байна. Ер нь шүүхийн нэр хүнд, итгэл зэргийг олон талаас нь харж ажиллах хэрэгтэй. Шүүгчид өнөөдөр хүнд нөхцөлд маш их ачаалалтай ажиллаж байна. Хар, цагааныг дэнсэлнэ гэдэг тийм амар ажил биш.  

 

 

 

-Эдийн засгийн хараат бус байдал арилаагүй цагт иргэдийн шударгаар шүүлгэх эрх бүрэн хэрэгжихгүй. Гэтэл шүүгчдийн цалинг өндөр тогтоож өгсөн ч хараат бус ажиллаж чадахгүй байна. Эсвэл сэлгэн ажиллуулах ёстой юм болов уу?

 

-Шүүгчдийн цалинг шаардлагатай түвшинд байлгах, шүүхийн төсвийг хасч болохгүй гэж хуульчилсан. Энэ баталгааг хангуулах хүрээнд шүүгчдийн цалинг нэг удаа мэдэгдэхүйц өсгөсөн. Тэр хэмжээгээр л байгаа. Шинэ хуулиар шүүгчдийн нэмэгдэлтэй холбоотой асуудал шийдэгдэж, зарим хэсгийнх нь цалин өсч байна. Гэхдээ төрийн бусад албаны цалингийн хэмжээ өссөн учраас шүүгчдийн өнөөдрийн цалин өндөрт тооцогдохгүй болсон. Нэг их хол зөрүү алга. Ер нь шүүгчдийн цалин бага учраас шударга ажиллахгүй байна гэж ярьж болохгүй. Шударга ажиллана гэж шүүгч болдог. Шударга байж чадахгүй бол заавал шүүгч хийх албагүй. Цалин хангамжид биш ёс суртахуун, мэдлэг чадварт найдах ёстой.  Гэлээ ч шүүгчдийн цалин хангамжийг сайжруулах бодлогыг тасралтгүй барьж байх шаардлагатай.

Шүүгчдийг байнга сэлгээд байх боломжгүй. Тэр хүний амьдрал, сэтгэлзүйд хэцүү. Нэг газар удаан ажиллахаар нөлөөлөлд автдаг гэсэн логик байж болохгүй. Гэхдээ хаана хэдэн жил ажилласан ч нөлөөнд автдаггүй шүүгчийг төлөвшүүлэх ёстой. Анхнаасаа зарчмын байр суурин дээрээ байдаг хүн рүү хүмүүс халддаггүй. Тийм хуягаар шүүгч хүн өөрийгөө хуяглаж байх ёстой.

 

-Цар тахлын үеэр шүүх салбарын үйл ажиллагаа доголдож зайнаас асуудлаа шийдвэрлэх байдал руу орохоос аргагүй боллоо. Цахим шүүх хурлын үр дүнг сөргөөр харах тохиолдол ч байна?

 

 -Шүүх хуралдааныг цахимаар зайнаас явуулах журам зөвлөлийн анхаарлын төвд  байгаа. Энэ талаар журам боловсруулах ажлын хэсэг гарсан. Хэргийн оролцогчид бодитой, боломжтой байдлаар зайнаас хэрхэн шүүх хуралд оролцох вэ гэдгийг гадаад, дотоодын туршлага дээр үндэслэн судалж байна. Заал танхимаас эхлээд өөрсдийн нөхцөл байдалдаа ч дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцогчдоос, иргэдээс ч санал авч байгаа. Шүүх хуралдаан болон нотлох баримтын ач холбогдол, бодит байдлыг алдагдуулахгүй, хүний эрхийг хангах зэрэг олон талын зарчмуудад тулгуурлаж энэ журмыг гаргахаар хичээж байна.   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)