Иргэд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасантай холбоотой  шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяагаас тодрууллаа.                  

 

       Мэдээлэл  олж авах нь тухайн этгээдийн эрх  боловч  олж авсан мэдээллийг бусдад түгээхдээ алдаа гаргаад бусдын нэр хүндэд халдсан бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? 

 

       Үндэслэлгүй мэдээлэл тарааж бусдын нэр хүндэд халдах тохиолдол байдаг.  Үүнээс гадна, мэдээлэл олж авахдаа хууль зөрчөөгүй хэдий ч олж авсан мэдээллээ бусдад түгээхдээ алдаа гаргах тохиолдол бас байна. Энэ бол  “..бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй..” -тэй  холбоотой гардаг алдаа юм. Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол Иргэний хуулийн 21.3-т зааснаар мэдээг тараасан хэлбэрээр  няцаах, гэм хорыг  арилгах үүрэгтэй байдаг.  Өөрөөр хэлбэл, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй нь үндэслэлгүй мэдээ тараасантай адил хариуцлага хүлээдэг л дээ.  

       Нэр хүндэд халдсан гэх  гомдол шүүхэд хэр их ирдэг вэ. Энэ төрлийн хэрэг маргааны хэчнээн хувь нь эрүүгийн шүүхээр, хэдэн хувь нь иргэний шүүхээр шийдвэрлэгддэг бол?

 

        Нэр хүндэд халдсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг. Эрүүгийн хуулийн 13.14-р зүйлд зааснаар торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдэг хуулийн заалттай. Зөвхөн 2020 онд гэхэд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 10 хүнд холбогдох 10 хэргийг хянан шийдвэрлэж нийт 5 сая 230 мянган төгрөгийн торгуулийн ял ногдуулсан байна.

       Харин гэмт хэргийн шинжгүй бол асуудлыг иргэний шүүх шийддэг. Сүүлийн гурван жилийн мэдээнээс үзвэл энэ төрлийн маргаан 2018 онд 117 хэрэг, 2019 онд 89 хэрэг,  2020 онд 106 хэргийг анхан шатны шүүх шийдсэн байна.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

       Гэмт хэрэг гармагц л хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгаад нэр устай нь хэвлэлээр зарлачихдаг. Энэ нь бусдын нэр төр, алдар хүндэд халдаж байгаа хэлбэр мөн үү. Ийм гомдол хэр их гардаг бол?

 

        Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ёсгүй.  Хэн нэг этгээд гэмт хэрэгт холбогдсон нь түүнийг  гэмт хэрэгтэн гэж үзэх үндэслэл биш л дээ. Тэр хүнийг гэмт хэрэг хийсэн эсэхийг нэг л байгууллага тогтоодог. Тэр нь шүүх юм. Шүүх тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай  гэж үзэхгүй.

 

       Тэгэхээр гэмт хэрэг “үйлдсэн” гэж биш, харин “холбогдсон” гэж бичих ёстой юу?

 

       Ер нь бол иймэрхүү  мэдээллийг хараад байхад “...шалгаж байгаа юм байна...гэмт хэрэг үйлдээгүй байж магад..” гэдэг талаас нь биш, харин “...гэмт хэрэг үйлдсэн тул  шалгагдаж  байгаа”  гэсэн утгаар  их бичдэг.  Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гараагүй, эсхүл асуудлыг дөнгөж шалгаж эхэлж байхад гэм буруутай мэт ойлголт нийгэмд өгчихдөг. Мэдээж зохих журмын дагуу шалгаж дуусахад тодорхой хугацаа зарцуулагдана. Үүнээс хамаараад иргэний нэр хүндийг гутаасан мэдээллийг хожим залруулах нь төдийлөн ач холбогдолгүй үлддэг. Иймд анхнаасаа үнэн зөв мэдээлэл гаргаж байвал бусдын эрхийг зөрчихгүй.  

 

       Шүүх, шүүгч рүү дайрч, доромжилсон мэдээлэл нийгмийн сүлжээгээр их гарах боллоо. Энэ юутай холбоотой вэ. Үнэхээр шүүхээс бусдыг хохироосон, хууль бус шийдвэр ингэж ихээр гараад байна уу?

 

       Шүүх бол  хэрэг, маргаан шийддэг газар.  Шүүхийн шийдвэр маргалдагч талуудын аль нэгний талд гардаг учраас маргааны нөгөө тал нь гомдолтой үлдэх нь ойлгомжтой. Нэн түрүүнд шүүгч нар бусдыг хохироосон, хууль бус шийдвэр гаргаад байна уу,  энэ  мэдээлэл бодитой юу гэдгийг тодруулах нь зөв байх.

       Монголд гурван шатны шүүх байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой бол давж заалдах эрхтэй. Давж заалдах шатны шүүхэд гомдолтой бол Улсын дээд шүүхэд хандах боломжтой. Шүүхийн шийдвэр хэр үндэслэлтэй, хууль ёсных юм гэдгийг шат шатандаа хянаж байдаг.  Тодруулбал шүүхийн шийдвэрийн чанар гэж ойлголт бий. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хэдэн хувьд давж заалдах гомдол гаргаж байна, хэчнээн хувьд нь Дээд шүүхэд гомдол гаргаж байна гэдгээр шүүхийн шийдвэрийн чанарыг тодорхойлох боломжтой.

       Судалгаагаар  улсын хэмжээнд 2018-2020 онд шийдсэн нийт иргэний 145,230 хэрэгт дунджаар 6 хувьд нь давж заалдах гомдол гаргасан байна. Түүнчлэн 4 хувьд нь Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2018-2020 онд  шийдсэн иргэний хэргийн 94 хувьд  нь гомдол гараагүй буюу маргаж буй хоёр тал аль аль сэтгэл ханамжтай үлдсэн гэсэн үг.

       Харин эрүүгийн хэргийн хувьд 3 жилээр үзвэл, нийт 39,448 хэргийн 19 хувь нь  давж заалдах, 7 хувь нь Дээд шүүхэд  гомдол гаргасан байна. Харин үлдэх  81 хувь нь дараа дараагийн шатанд гомдол гаргаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжтай үлдсэн гэсэн үг. Гомдол гаргасан  иргэний 4-6 хувь, эрүүгийн 7-19 хувь нь хянагдаад анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тоог энд оруулаагүй. Эдгээр тоо баримт юу хэлээд байна гэхээр шүүх, шүүгч нар бусдыг хохироосон, хууль бус шийдвэр дийлэнх тохиолдолд гаргадаг гэдэг нь үндэслэлгүй, судалгаагүй  мэдээлэл болж таарч байна.

       Иймд баримттай, үндэслэл бүхий  мэдээ мэдээлэлд ач холбогдол өгч, түгээх нь чухал байгаа юм.

 

       Шийдвэрлэж буй хэрэг, маргаантай нь холбогдуулаад шүүх, шүүгч рүү дайрсан, нэр хүндэд нь халдсан мэдээлэл үе үе гардаг. Үүнд шүүхээс няцаалт өгдөггүй нь ямар учиртай вэ?

 

       Зарим мэдээллүүд шийдвэрлэгдээгүй хэрэгтэй холбоотой байдаг. Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүгч өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэхийг Шүүхийн тухай хуулийн 50.1.4-р хориглосон байдаг. 

       Ер нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэхийг  Шүүхийн тухай хуулийн  50.1.38-р мөн хориглосон. Үүнээс үзвэл, аливаа хэргийн талаар мэдээлэл гаргахдаа маргаж буй  хоёр талаас асуудлыг  тодруулж, тэнцвэртэй мэдээлэх нь л чухал байгаа юм.

       Эцэст нь хэлэхэд шүүгч хэрэг шийдэж  буй нь  шүүгчийн нэр хүндэд халдах шалтгаан биш.  Шүүгчийн  ажил хэргийн нэр хүнд халдашгүй байна гэж Шүүхийн тухай хуулийн 49.2.3-т заасан. Шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харшлах  үндэслэлгүй мэдээлэл тараах нь  хууль зөрчиж байна гэсэн үг. 

 

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч: Г.Цолмон

 

ЭХ СУРВАЛЖ:  ӨДРИЙН СОНИН 2021.12.16 №241 (6863)