НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг 2021 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Транспарэнси Интернэшнл” зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
“Авлигын эсрэг үндэсний чуулга-2021” арга хэмжээ нь Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо, Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал, Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн гэсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулагдав.
Уг чуулган нь авлигын асуудлаар өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх, үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог энэхүү Үндэсний чуулган олгож байгаагаараа онцлогтой юм.
Энэхүү чуулганд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа нар төлөөлөгчөөр оролцлоо.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс