Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-тай хамтран 21 аймаг болон 9 дүүргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт тамгын газарт жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн эрх зүйн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны хооронд зохион байгууллаа.

 

 

      Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын Хөтөлбөрийн менежер А.Жаргалан, олон нийттэй харилцах ажилтан С.Агьзул нар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ажиллалаа. Тус өдөрлөгийн хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэд нээлттэй дэлгэцээр “Familycenter.mn” төслийн хүрээнд бүтээсэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендерт суурилсан хүчирхийллийг үл тэвчих хандлагыг хэвшүүлж, шүүхэд гэр бүлийн харилцааны асуудлаар хэрхэн хандах талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх цуврал видео шторк, брошур, постер зэрэг сурталчилгааны материалыг түгээж, иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа.

 

     

      ОУЭЗХБ нь Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2022 оны хооронд хэрэгжүүлж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл тус төслийн Удирдах зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд олон нийтэд гэр бүлийн хүчирхийллийн талаар албан ёсны эх сурвалжтай, үнэн зөв мэдээ мэдээлэл түгээх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Энэхүү төсөл нь жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдын эрхээ эдлэхэд нь тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, хууль зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулах бөгөөд ГБХ-ийн хэрэгт хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм.

 

      Хамтын ажиллагааны хүрээнд “Familycenter.mn” вэбсайтыг ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэд тус мэдээллийн сайтад хандсанаар сэтгэл зүйн сорилын тусламжтай нөхцөл байдлаа шинжин, гэр бүлийн харилцаанд тулгарч буй асуудлын талаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчдаас зөвлөгөө, туслалцаа авах боломжтой ба гэр бүлийн харилцаан дахь хэвшмэл ойлголтыг халж, эрүүл эерэг харилцааны соёлыг түгээж, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөхөд чиглэсэн тогтмол шинэчлэгддэг контентоор дамжуулж олон нийтийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлж соён гэгээрүүлэх ач холбогдолтой юм. 

.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс