Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй авах үүрэгтэй”, 49.5-д “Энэ хуулийн 49.4-т заасан арга хэмжээг авах нөхцөл, журмыг Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж тус тус  заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 107, 157 дугаар тушаалаар байгуулагдсан холбогдох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хурал 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

 

 

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, гишүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Б.Мөнгөнсүх, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Амаржаргал нар оролцов.

 

 

Хуралдаанаар “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүү мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын төсөлд Улсын дээд шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 9, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн 10, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2, дүүргийн эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас ирүүлсэн 11, орон нутаг дахь шүүхийн Тамгын газруудаас ирүүлсэн 33 саналыг хэлэлцэн тусгаж, журмын төслийг ёсчлон батлуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжлахаар шийдвэрлэв.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС