Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар шүүгчид товлосон асуудлаа хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонголоо.
Нийт шүүгчийн олонхын санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм.
Нууц санал хураалтаар олонхын санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сономдовчингийн Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баясахын Сугар нарыг Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг батлав.
Нийт шүүгчийн чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталлаа.
Даргалагч, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч үг хэлснээр Нийт шүүгчийн анхдугаар чуулган өндөрлөв.