Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Хулантай ярилцлаа.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

-Гэр бүл салалт ихэссэн тухай статистик мэдээ олон. Нийтлэг шалтгааныг эвлэрүүлэн зуучлагчид юу гэж харж байна вэ?
-Үндсэн 5-6 асуудлаас болж хүмүүс гэрлэлтээ цуцлуулахаар орж ирдэг. Хамгийн эхэнд архи, согтууруулах ундааны хэрэглээ. Хоёрдугаарт, гэр бүлээс гадуурх харилцааны улмаас үүссэн маргаан, гомдол маш их. Бас үзэл бодол таардаггүй гэх мэт аар саархан асуудлаас болж гэрлэлтээ цуцлуулах залуус нэмэгдсэн. Ер нь гэрлэлтээ цуглуулахаар орж ирж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь залуучууд буюу 20-35 насныхан байна.

 

-Үзэл бодол таардаггүйн цаана уучилж болох жижигхэн асуудал байх юм уу?
-Гэрлэлт цуглуулахад суурь хүмүүжил маш их нөлөөлж байна. Ерөнхий боловсролын сургуульд гэр бүлийн боловсрол заадаггүй. Гэтэл сурагчийн ширээнээс  үерхэл эхлүүлж, нэгнээ таньж мэдэлгүй амьдралаа эхэлдэг. Ингээд 2-3 жил хамт амьдраад өөр орчинд өссөн хүмүүжил, үзэл бодол таарахгүй хэрүүл маргаан үүснэ. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуульд гэр бүлийн боловсрол олгох хичээл орох нь зөв гэж би хувьдаа бодож явдаг юм.

Мөн манай залуучуудад үүрэг, хариуцлагаа ухамсарлах суртахуун алга. Үр хүүхдээ хамгийн эхэнд бодох байтал жижигхэн маргаанаас болж сална гээд ороод ирж байна. Айл бүрд л их бага хэмжээгээр маргаан үүсдэг шүү дээ. Гэрлэлтийг цуцлах их амархан. Гэхдээ үүнээс гарч болох үр дагавар маш том.

Хэдэн жилийн өмнө хоёр хүүхэдтэй, боломжийн амьдралтай хосууд гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл гаргаад, манай өрөөнд ирж ирлээ. Эхнэр жин ихтэй. Нөхөр нь өөртөө анхаарал хандуулах шаардлага тавьдаг ч эхнэр хүлээж авахгүй уурладаг. Ингээд нөхөр гэртээ тогтохоо байсан. Хоёр хүүхдээ бодоод хэн хэн нь тэвчсэн ч сүүлдээ хамт амьдрах боломжгүйд хүрээд "Манай нөхөр намайг үл ойшоодог" гэдэг шалтгаанаар эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргасан байв. Нөхөртэй нь уулзсан чинь "Манай эхнэр ааштай" гэнэ.

Анзаарч байхад гэр бүлийн харилцаа хөрдөг үе байна. Энэ үеийг давж чадалгүй шүүхэд ханддаг тохиолдол олон. Мөн хүүхэд төрүүлээд эмэгтэй хүний биед өөрчлөлт гарна. Үүнийг ойлгодоггүй, хүлээж авалгүй өөр хүн харж эхэлдэг эрчүүд байдаг. Өөрсдөө ч анзаараагүй энэ мэт алдаагаа шүүхийн өмнө ирж нүүр өөдөө харж ярилцаж байж олж хардаг нь сонин. Дээрх хосууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 30 хоногийн хугацаанд эвлэрч, эхнэр нь өргөдлөө буцаан авсан. Миний хувьд 2018 оноос хойш 30 гаруй гэр бүлийг эвлэрүүлжээ.

 

АРХИДАЛТ, ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦААН ДЭЭР ХАР ТАМХИНЫ АСУУДАЛ НЭМЭГДСЭН

 

-Гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хосын дийлэнх нь залуучууд байх нь. Тэдний салах шийдвэрт юу нөлөөлж байна вэ?
-2014-2017 оны үед иргэд хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-руу олноор явсан. Үүнээс үүдэн хоёр талд урт хугацааг өнгөрүүлсэн хүмүүс гэр бүлээ их цуцлуулж байлаа. Одоо бол гэр бүлээс гадуурх харилцаа, архины хамааралтай гэх шалтгаан их байна. Сүүлийн үед хар тамхины асуудал нэмэгдсэн.

 

-Эвлэрүүлэн зуучлах хугацаа 30 хоног. Энэ хугацааг хүлээхийг хүсэхгүй, эрс шийдсэн хүмүүс ирэх үү?
-Хуулийн хугацаа 30 хоног, үүнийг нэг удаа сунгаж болно. Нийтдээ 60 хоногийн хугацаанд эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулна. Хүчирхийлэлтэй тохиолдолд эвлэрүүлэх хугацаа өгөхгүй шууд шүүхэд шилжүүлдэг. Гар хүрдэггүй ч сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдсэн хүмүүс байна. Зарим хүн "Надад дахиад бодох хугацаа хэрэгтэй байна" гээд сунгах тохиолдол ч бий.

 

-Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй салалт нэмэгдсэн тухай та ярианы эхэнд дурдсан?
-Залуучууд хариуцлага сул, гэр бүлээс гадуурх харилцаа маш их байгаа. Алдаж, онодоггүй хүн гэж үгүй. Хамгийн гол нь салах шийдвэр гаргахаасаа урьтаж хоорондоо ярилцаж чадахгүй байна. "Энэ ойлгох биш, сонсох биш" гэж дуугүй явсаар олон жилийн турш хуримтлагдсан гомдол, хорсол эцэстээ шүүхийн шатанд ирдэг. Тэгэхээр хосууд ярилцаж чадахгүй, нэгнээ ойлгохыг хүсэхгүй байна. Эвлэрүүлэн зуучлагчид аль болох боломж олгоод үзэхийг учирладаг юм. Эмэгтэйчүүд уяхан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нууцыг чандлан хадгалдаг учраас нөхрийнхөө нүүр рүү харж байгаад анх хайрлаж, дурлаж болзож байсан үеэ ярьж эхлээд л уйлчихдаг.

 

"Энэ ойлгох биш, сонсох биш" гэж дуугүй явсаар олон жилийн турш хуримтлагдсан гомдол, хорсол эцэстээ шүүхийн шатанд ирдэг.

 

Дийлэнх тохиолдолд буюу 60-70 хувьд нь эмэгтэйчүүд гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл өгнө. Эргээд эвлэрэх шийдвэрийг ч эмэгтэйчүүд ихэнхдээ гаргадаг. Зарим тохиолдолд эрчүүд түрүүлж гэр бүлээ цуцлуулах хүсэлт өгдөг. Анзаараад байхад эрэгтэй хүн гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан тохиолдолд эвлэрэх магадлал маш бага. Эрэгтэй хүмүүс "эвлэрэхгүй" гэсэн л бол шийдвэртээ тууштай. Харин эхнэр түрүүлж өргөдөл өгсөн маргаанд ихэнх тохиолдолд эрчүүд буулт хийнэ. Эрчүүдээс "Хамгийн сүүлд эхнэрээ хэзээ баярлуулсан бэ" гээд асуухаар анх танилцахдаа, үерхэж байхдаа гэж хариулах нь олон.

 

-Эрчүүдийн хэнэггүй, хайнга зан ч шалтгаан байж болох нь ээ?
-Тийм шүү. Нэг жишээ яръя. Нөхөр нь архины хамааралтай болсон шалтгаанаар эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Тэр бүсгүйгээс танай хүний  сайн тал нь юу вэ гэхэд "Эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүүхдүүддээ сайн аав. Архи уух нь л аргагүйд хүргэж байна" гэсэн. Тэр залууг ар гэрийнхэнтэй нь ярилцаад архины эмчилгээнд явуулсан. Дараагийн уулзалтаар анх танилцаж байсан шигээ эхнэртэйгээ болзохыг зөвлөлөө. Ингээд гурав дахь уулзалт дээр эхнэр нь маш аз жаргалтай орж ирээд бид эвлэрсэн, өргөдлөө буцааж авъя гэсэн. Тэр бүсгүй "Нөхөр намайг оройн хоолонд урьсан" гээд их баяр хөөртэй ирсэн шүү. Энэ мэтчилэн эмэгтэй хүн их жаахан зүйлд баярладаг. Гэр бүл салахад нөлөөлдөг өөр нэг шалтгаан нь хадам аав ээж, ах дүүгийн нөлөөлөл маш их байдаг. "Бид хоёрт болохгүй юм алга. Эдний ээж, аав амьдралд оролцоод байна" гэнэ. Энэ тохиолдолд хадам аав, ээжийг нь дуудаж уулзаж, гарах сөрөг үр дагаврыг ухуулдаг.

 

АХУЙН ЧАНАРТАЙ, ААР СААРХАН МАРГААНААС БОЛЖ НЭГЭНДЭЭ ХОРССОН ХҮМҮҮС ИРДЭГ

 

 

-Тэр түрүүлж өргөдөл өгсөн учраас би сална гэх хүнтэй таарч байлаа. Хэн хэнийгээ дийлэх гэсэн хортой, шартай залуус ч ирдэг байх?
-Энэ эхэлж өргөдлөө өгсөн болохоор би салах гэж байна гээд хоёр биедээ хорссон хүмүүс орж ирнэ. Хөндлөнгийн нүдээр харахад тэр хоёрын дунд тун ялимгүй асуудал байгаа юм. Ерөөсөө л ахуйн чанартай хэрүүл, маргааны улмаас сална гээд ороод ирдэг. Эхнэр нь "Манай нөхөр байнга оройтдог. Хайр халамжгүй" гэнэ. Нөхөртэй нь уулзахад "Ажлаа тараад орохоор байнга хэрүүл хийдэг. Үүнээс нь залхаад харимааргүй санагдаад ажил дээрээ суугаад байдаг. Орохоос дургүй хүрээд ажлын цаг дууссан ч суудаг" гэдэг асуудал хэлнэ. Энэ бол гэр бүлээ цуцлуулаад үр хүүхдээ өнчрүүлэх асуудал биш шүү дээ. Ингээд ярилцаж чадахгүй үүнийгээ улам дэвэргээд бие биедээ хорсоод хоёр тийшээ хараад суучихдаг. Асуудал шүүхийн шатанд ирээд эвлэрүүлэн зуучлагчийн өрөөнд өөд өөдөөс нь харуулж суулгаж байгаад сайн чанаруудыг нь асуухаар эхнэр нь нөхрөө тэгж бодож явдгийг ч төсөөлөөгүй байсан бололтой уйлах үе байна. Эрэгтэй хүмүүс ч уйлдаг.  "Манай эхнэр дайчин, ухаалаг" гэнэ. Гэтэл үүнийгээ өөрт нь хэзээ ч хэлж байгаагүй. Ингээд миний харилцаанд учир байжээ гээд өргөдлөө татаж аваад ойлголцох хосууд бий.

 

Хүмүүжил, зан харилцаа, өссөн орчин таарахгүйн улмаас 1998, 2000 оны залуус гэрлэлтээ цуцлуулахаар их хандаж байна.

 

-Нас тогтсон хүмүүс эвлэрэх тохиолдол олон. Харин залуучууд эвлэрч чадахгүй байна гэж Ховд аймгийн эвлэрүүлэн зуучлагч ярьсан.
-Гэрлэлт цуцлах асуудлаар 20-30, 30-45 насныхан дийлэнх тохиолдолд ханддаг. Сүүлийн үед 1998, 2000-аад оныхон хүмүүжил, зан харилцаа, өссөн орчин таарахгүйн улмаас  гэрлэлтээ цуцлуулахаар их хандаж байна. Ер нь нэг нэгнээ таньж чадаагүйн улмаас гэр бүл цуцлах асуудал маш их гардаг. Дунд нь хүүхэд л хохирч байна шүү дээ. Орж ирсэн хүмүүс хүүхдийнхээ ирээдүйг бодно гэдэг. Хүний боловсрол, ухамсраас л шалтгаалж байна. Тусдаа амьдралтай ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө эргээд нэг гэр бүл болсон мэт хүмүүс ч байдаг. Эхнэр нь тусдаа амьдралтай, өөрөө найз бүсгүйтэй. Ингээд эхнэрээ завгүй үед гэрт нь очоод хүүхдэдээ хоол хийгээд өгдөг гэх аав байна. Тэдний дунд ямар ч маргаан байхгүй. Гэхдээ эвлэрч чадахгүй гэдэг.

 

ХҮҮ НЬ ААВДАА "АМЬ". ГЭТЭЛ...

 

-Бусдын бүтэн амьдралын төлөө ажилладаг хүний хувьд залуу хосуудад та юуг зөвлөх вэ?
-Хүндлэл, гэр бүлийн боловсрол маш дутмагаас болж залуучууд гэр бүлээ цуцлуулахаар маш ихээр ирж байгаад харамсдаг юм. "Сална" гээд бие биеэ дийлэх гэж хорсохоос өмнө хүүхдийн сэтгэлзүйг бодох хэрэгтэй байна. Хүүхдийн хавдарт сэтгэлзүйн хямрал маш их нөлөөлж байгаа. Идэх, уух зүйл нөлөөлж буй ч сэтгэлзүйн хямрал нөлөөлдөг байж болох жишээ бий.

Нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул хосууд тус тусын амьдралаа эхлүүлсэн.  Гэтэл том хүү нь аавтайгаа "амь", маш их хайртай байж. Тэгээд аавыгаа санасан ч ээжийгээ зовооно гээд хэлэхгүй дотроо бэтгэрээд, дуугаа хураагаад эхэлсэн. Гэтэл гэнэт бие нь өвдөөд шөрмөс нь татсан. Эмнэлэгт үзүүлээд цусны шинжилгээ өгтөл хорт хавдартай гэж оношлогдоод 3-4 сарын дараа бурхан болсон харамсалтай явдал бий. Ээж нь "Нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцааг нэг удаа өнгөрөөгөөд уучилсан бол хүү минь амьдрах байсан" гээд уйлж байсныг бодох бүрд гол зурдаг. Тэгэхээр томчууд өөрийн эрх, ашгаас илүүтэй хүүхдийн хүмүүжил, сэтгэлзүйд анхаарах хэрэгтэй байна.

 

Нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцааг нэг удаа өнгөрөөгөөд уучилсан бол хүү минь амьдрах байсан.

 

-Та эвлэрүүлэн зуучлагчаар хэдэн жил ажиллаж байна вэ? Ажил мэргэжлийн онцлогоос дурдахгүй юу?
-Би 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар анх ажилд орж байлаа. 2018 оны тавдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар томилогдож байсан. Ингээд долоон жилийн хугацаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулжээ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаандИргэний эрхзүйн маргаан, Гэр бүлийн эрхзүйн маргаан, Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэсэн гурван төрөл хамаардаг.

Гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа тохиолдолд заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орж байж шүүхэд ханддаг болсон. Өөрөөр хэлбэл 10-20 жил тусдаа амьдарсан ч гэсэн заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орно. Гэр бүл цуцлуулахаар ирсэн хосыг эвлэрүүлэхийн тулд сэтгэлзүйчтэй уулзуулна, ар гэрийнхэнтэй нь уулзана. Найз нөхөд зэрэг нөлөөлөх хүмүүстэй ч уулзаад аль болох эвлэрүүлэх талаас нь арга хэмжээ авдаг. Нэг, хоёр жилийн хугацаанд тусдаа амьдарч байсан хүмүүсийн дийлэнх хувь нь эвлэрдэг. Харин олон жил тусдаа амьдарсан, архины хамааралтай, гар хүрдэг зэрэг шалтгаантай хүмүүс эвлэрэх нь маш бага.

 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn