Коронавируст халдварын үед шүүн таслах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяатай ярилцлаа.

 

-Коронавируст халдварын үеийн онцгой дэглэм хоёр жил шахам үргэлжилж байна. Шүүх хуралдаан хойшилсон тоон үзүүлэлт нэлээн өндөр байх юм. Ямар шалтгаанаар шүүх хуралдаан хойшлоод байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын мэдээг сар бүр гаргадаг. Энэ мэдээгээр шүүхийн хүлээн авсан хэрэг, хойшилсон байдал, шалтгаан зэрэг үзүүлэлтүүд гардаг. Тухайлбал, анхан шатны шүүх 2021 оны долдугаар сард 5413 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас эрүүгийн 1014, иргэний 4177 нэхэмжлэл, захиргааны 222 нэхэмжлэл хүлээн авсан байна. Харин хянан шийдвэрлэсэн хэргийн тухайд эрүүгийн 855, иргэний 2495, захиргааны 123 хэрэг хянан шийдвэрлэжээ. Таны асууснаар шүүх хуралдаан хойшилсон үзүүлэлтийг харуулбал, иргэний хэргийн шүүх өнгөрсөн сард 2796 шүүх хуралдаан товлон зарласнаас 92.3 хувь нь хэргийн оролцогчоос, 7.7 хувь нь шүүхээс шалтгаалсан байна. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан нь хамгийн өндөр үзүүлэлттэй байх жишээтэй. Эрүүгийн хэргийн хувьд мөн л 92.7 хувь нь хэргийн оролцогчоос шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон. Эрүүгийн хэргийн шүүх долдугаар сард 1205 шүүх хуралдаан товлон зарласнаас 672 нь хойшилсон байна. Олон оролцогчтой хэргийн тухайд шүүх хуралдаан хойшлох тохиолдол нийтлэг байна.

 

-Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлоод байна гэлээ. Тэгвэл шүүх хэргийг хугацаандаа шийддэг үү?

-Хуульд хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэх хугацааг нарийн зохицуулсан. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал, шүүхийн ачаалал, хэргийн оролцогчдын хүсэлт зэрэг шалтгаанаар иргэн, захиргааны хэрэг хугацаа хэтрэх тохиолдол бий. Тухайлбал, долдугаар сарын үзүүлэлтээр иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 6486 хэргийн 23.2 хувь, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 878 хэргийн 35.8 хувь нь хугацаа хэтрэлттэй байна.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

-Коронавируст халдвартай холбоотойгоор шүүх хуралдаан хойшилж байгаа юу?

-Шүүх хуралдаан хойшилсон шалтгааныг хагас жилээр нэгтгэвэл Коронавируст цар тахлаас шалтгаалсан нь 24.8 хувь байна. Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдал, хэргийн оролцогч ковидын халдвар авсан, шүүхийн байр тусгаарлалтад орсон гэх мэт цар тахалтай холбоотойгоор шүүх хуралдаан удаа дараа хойшилж шүүн таслах ажиллагаа хэвийн, тасралтгүй явуулахад бэрхшээл учирснаар хэрэг хуулийн хугацаанд шийдэгдэхгүй асуудал гарч байгаа.

Хойшилсон шүүх хуралдааны дийлэнх нь өмгөөлөгч өвчтэй, чөлөөтэй, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан зэрэг үндэслэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын эрхийг хангаж хуралдаан олон дахин хойшилсноор хугацаа хэтрэх нь нийтлэг байна.

 

 

-Цар тахлын үед шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлалд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг бүх шатны шүүхийн тамгын газрын хэмжээнд хэрэгжүүлэх, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, бүх шатны шүүх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой болон бусад шүүх хуралдааныг “Zoom”, “Skype” болон бусад программ хангамж ашиглан цахимаар буюу зайнаас явуулж байна. Тодруулбал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах, шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг холбогдох шүүхэд хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Иргэн шүүхээр үйлчлүүлэх, шүүхэд хандах бол биечлэн ирэхгүйгээр зайнаас цахимаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн.

Мөн зарим шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг шүүхийн байранд ирүүлэхгүйгээр цахимаар буюу зайнаас оролцуулж байна. Харин шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимын хувьд хүрэлцээ, багтаамж маш муу тул хуульд заасан шаардлагын дагуу биечлэн оролцуулж халдвар хамгааллыг дэглэмийг баримтлан ажиллахад хүндрэл тулгарч байгаа ч хуулиараа шүүн таслах, шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах хуульд заасан үүргийнхээ дагуу аль болох халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна.

 

-Танай цахим хуудсаар шүүхэд халдвар илэрсэн тул үйл ажиллагааг түр зогсоосон утга бүхий мэдэгдэл гарч байгаа. Цахимаар үйлчилгээ үзүүлэхийг хэлээд байна уу?

-Шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх ёстой. Цар тахлын нөхцөл байдал хүндрэн шүүхийн захиргааны ажилтнууд өдөр бүр иргэдтэй харилцаж байгаа учраас халдвар авах өндөр эрсдэлтэй. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас коронавирусын халдвар илэрч шүүхийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох мэдэгдэл гаргаж байгаа нь “тэг зогсолт” хийж байгаа гэсэн үг биш юм. Дээр хэлсэнчлэн шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах чиг үүрэгтэй тул гаднаас иргэдийг шүүхийн байранд нэвтрүүлэлгүйгээр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарын тоог багасгасан хуваарийн дагуу биечлэн ажиллаж байна.

 

-Нийслэл дэх шүүхүүдийн байр, шүүх хуралдааны танхим маш жижигхэн юм байна лээ. Тэнд халдвар хамгааллын дэглэм барихад хэцүү. Олон оролцогчтой шүүх хуралдааныг өндөржүүлсэн бэлэн байдлын үед яаж зохион байгуулж байна вэ?

-Одоогийн нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэм сахиулан ажиллахад хүндрэлтэй байгаа нь үнэн. Заал хүрэлцэхгүй тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах өрөөнд зарим оролцогч нарыг өөр танхимаас эсвэл цахимаар оролцуулах зэргээр шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлж байна. Техникийн хувьд Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд шилэн кабелийн нэгдсэн сувагтай, онлайн сургалтын зориулалтын тоног төхөөрөмжтэй ч техникийн ашиглах хугацаа дуусч эхнээсээ эвдэрч ашиглахад хүндрэлтэй болсон. 2020 оноос төсвийн хүрээнд бид онлайнаар буюу зайнаас шүүх хуралдаан, сургалт, зөвлөгөөн хийх боломжтой тоног төхөөрөмж шат дараатай шүүхүүдэд нийлүүлж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар байгаа нөөц бололцоогоо ашиглаж Zoom программ ашиглан зарим шүүх хуралдааныг зайнаас буюу цахимаар явуулж байгаа талаар өмнө ярьсан.

 

-Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж байна. Шүүхийн шатанд хууль хэрэгжиж дууссан уу?

-Монгол Улсын шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж байна. Хууль хэрэгжиж дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн.

 

Б.Батзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин 2021.08.18 ЛХАГВА №157 (6779)