www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаан 09 цаг 08 минутад Улсын Их Хурлын 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
Хуралдаанаар эхлээд Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр танилцуулав. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор төслийг боловсруулсан бөгөөд ирэх оны төсвийг энэ оны батлагдсан төсвөөс 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөөлсөн гэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заалт болон холбогдох тогтоол, журамд нийцүүлэн цалин хөлс болон нэмэгдэл урамшуулалд 8.4 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Түүнчлэн төслийн эдийн засгийн зардлыг ангиллаар нь дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасны дагуу, мөн Улсын дээд шүүхийн шүүгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий гурав хүртэл судлаач туслахтай байж болох зохицуулалтад нийцүүлснээр цалин урамшууллын хэсэгт голлох өөрчлөлт гарсан байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Цар тахлын нөхцөлд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллаж байгаа ийм нөхцөлд хүрээлэнгийн шинэ байрны ТЭЗҮ, автомашины зардал, мөн зарим орон тооны нэмэх асуудлыг хэмнэлтийн горимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байв. Түүнчлэн хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэдэг чиглэл өгсөн. Ийнхүү санал хураалт явуулахад Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төсөлд хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан саналуудыг тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжив.
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны төсвийн төслийг Төсвийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Улсын Их Хурлын “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2021 оны 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нийт 135.3 тэрбум төгрөг байхаар боловсруулсан байна. Үргэлжлүүлэн тэрбээр урсгал зардал; цалин хөлс, нийгмийн даатгалын зардал; хөрөнгийн зардлын төсөв болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардлын нэмэлт төсвийн талаар нэгбүрчлэн танилцуулав.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсан. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах шаардлагын үүднээс тоног төхөөрөмжийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох зардлыг төсөвт тусгасан гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгч байв. Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хүрээнд орон тоог хэмнэж, үүнээс үүдэн төсөв, зардлын ямар хэмнэлт гарсныг Н.Учрал гишүүн тодруулахад “Шүүхийн салбар цахим шилжилтийн хүрээнд орон тоо хэмнэх боломжгүй. Монгол Улсын шүүх жилд 80 гаруй мянган хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Маргаан бүр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Шүүхийн талаар хүмүүс янз бүрийн мэдээллийн улмаас байр сууриа илэрхийлдэг ч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн судалгааны дүн бий. Зарим аймаг, сумдын шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр төсвийн төслийг боловсруулж, оруулж ирсэн. Одоогоор 41 шүүх Тамгын газрын байргүй байгаа. Харин энэ удаагийн төсвийн төсөлд гурвыг нь шийдвэрлэхээр тусгаж оруулж ирсэн” гэв. Сүүлийн долоон жилийн турш шүүхийн хөрөнгө оруулалтын зардлыг төсөлд огт тусгаагүй явж ирсэн, эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа ч зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж тодорхой асуудлуудыг төсөлд тусгасан гэдэг тайлбарыг хэлж байсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт орон тоо, барилга байгууламжийн зардлын төлөвлөлттэй холбоотой тодруулга хийж тайлбар авсан. Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналуудыг төсвийн төсөлд тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: www.parliament.mn сайт