Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Коронавируст цар тахлын үед шүүх ямар нөхцөлд, хэрхэн ажиллаж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаатай ярилцлаа.
-Коронавируст цар тахалтай холбоотойгоор шүүхийн байр болон шүүх хуралдааны үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байна вэ?
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг бүх шатны шүүхийн тамгын газрын хэмжээнд хэрэгжүүлэх, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлалд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан мөрдлөг болгон ажиллаж байна. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд бүх шатны шүүх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой болон бусад шүүх хуралдааныг “Zoom”, “Skype” болон бусад программ хангамж ашиглан цахимаар буюу зайнаас явуулж байна. Тодруулбал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах, шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг холбогдох шүүхэд хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.
-Уг аргачлалд заасны дагуу зарим шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг шүүхийн байранд ирүүлэхгүйгээр цахимаар буюу зайнаас оролцуулж байна. Харин шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимын хувьд хүрэлцээ, багтаамж маш муу тул хуульд заасан шаардлагын дагуу биечлэн оролцуулж халдвар хамгааллыг дэглэмийг баримтлан ажиллахад хүндрэл тулгарч байгаа ч хуулиараа шүүн таслах, шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах хуульд заасан үүргийнхээ дагуу аль болох халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн ихэнх шүүх коронавирусын халдвартай холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоосон мэдэгдэл гаргах юм. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжлэх ёстой. Үйл ажиллагаа зогсоосон үед шүүн таслах ажиллагааг хэрхэн явуулдаг вэ?
-Цар тахлын нөхцөл байдал хүндрэн шүүхийн захиргааны ажилтнууд өдөр бүр иргэдтэй харилцаж байгаа учраас халдвар авах өндөр эрсдэлтэй. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас коронавирусын халдвар илэрч шүүхийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох мэдэгдэл гаргаж байгаа нь “тэг зогсолт” хийж байгаа гэсэн үг биш юм. Дээр хэлсэнчлэн шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах чиг үүрэгтэй тул гаднаас иргэдийг шүүхийн байранд нэвтрүүлэлгүйгээр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарын тоог багасгасан хуваарийн дагуу биечлэн ажиллаж байна.
-Шүүхээр үйлчлүүлэгчид, өмгөөлөгчдийн ярьж байгаагаар шүүхийн байр, шүүх хуралдааны танхим маш жижиг. Тэнд хоёр метрийн зай барих байтугай шүүгч, шүүгдэгч хоёр зэрэгцээд сууж байдаг. Олон оролцогчтой шүүх хуралдааныг өндөржүүлсэн бэлэн байдлын үед яаж зохион байгуулж байна вэ?
-Шүүх байгууллага нь төсвийн дутагдалтай олон жил явж ирсний улмаас шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хомсдолд ороод байна. Одоогийн нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэм сахиулан ажиллахад хүндрэлтэй байгаа нь үнэн. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 5.3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчийг биечлэн оролцуулах бөгөөд бусад оролцогч биечлэн оролцох хүсэлт гаргасан тохиолдолд тусгайлан тоноглосон өрөөнөөс дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулна.” гэж заасны дагуу зарим шүүхэд онлайн хурлын өрөө бэлтгэж хоёр өөр танхимаас шүүх хуралдааны явуулж байгаа. Заал хүрэлцэхгүй тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах өрөөнд зарим оролцогч нарыг цахимаар оролцуулан шүүх хуралдааныг хэвийн тасралтгүй явуулах нөхцөл боломжоор нь хангаж ажиллаж байна.
-Цар тахалтай холбоотойгоор товлогдсон шүүх хуралдааны хэдэн хувь нь хойшилж байна вэ. Хэрэг хуулийн хугацаанд шийдэгдэхгүй байх асуудал гарч байна уу?
-Нийслэл дэх шүүхүүдийн хувьд авч үзвэл 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 27543 шүүх хуралдаан товлосноос Ковид-19 цар тахлаас шалтгаалан 6840 шүүх хуралдаан буюу 24.8 хувь нь хойшилсон. Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдал, хэргийн оролцогч ковидын халдвар авсан, шүүхийн байр тусгаарлалтад орсон гэх мэт цар тахалтай холбоотойгоор шүүх хуралдаан удаа дараа хойшилж шүүн таслах ажиллагаа хэвийн, тасралтгүй явуулахад бэрхшээл учирснаар хэрэг хуулийн хугацаанд шийдэгдэхгүй асуудал гарч байна.
-Шүүх хуралдаан олон удаа хойшилж байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулах, шүүх хүнд сурталтай гэх хардлагыг бий болгодог. Хуралдааныг цахимаар зохион байгуулах хуулийн болоод техникийн боломж хэр байгаа вэ?
-Хуулийн зохицуулалтын хувьд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.1.14 дэх хэсэгт “шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах болон шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг хуульд заасны дагуу батлах;” гэж заасан. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах журам”-ын төслийг боловсруулж байна. Техникийн хувьд 2013 онд Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд шилэн кабелийн нэгдсэн сувагтай болж онлайн сургалтын зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлсэн ч одоо тухайн техникийн ашиглах хугацаа дуусаж эхнээсээ эвдэрч ашиглах боломжгүй болж байна. 2020 оноос төсвийн хүрээнд бид онлайнаар буюу зайнаас шүүх хуралдаан, сургалт, зөвлөгөөн хийх боломжтой тоног төхөөрөмж шат дараатай шүүхүүдэд нийлүүлж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар байгаа нөөц бололцоогоо ашиглаж Zoom программ ашиглан зарим шүүх хуралдааныг зайнаас буюу цахимаар явуулж байна.
-Шүүх хуралдаан хойшлох үед хэргийн оролцогчдод хэр хугацааны өмнө мэдэгддэг вэ. Иргэд шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж маш их цаг хугацаагаа алддаг, тэр хэрээр шүүхэд итгэх итгэл алдагддаг тухай гомдол мэдүүлдэг.
-Холбогдох хуульд заасан хугацааны дагуу шүүх хуралдааны товыг оролцогчдод мэдэгддэг. Мөн Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 4.2.2 дахь хэсэгт “Энэ аргачлалын 4.2.1-д заасны дагуу шүүх хуралдаанд дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцох хэргийн оролцогчдод товыг долоо хоногоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, шүүх хуралдаанд бэлтгэх ажлыг шүүхТамгын газар зохион байгуулна” гэж тус тус заасны дагуу хуулийн хугацаанд хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж байгаа. Мөн шүүх хуралдааныг хойшлуулсан тохиолдолд дараагийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нартай зөвшилцөж товлон зарладаг. Шүүх хуралдаан хойшилсон даруй дараагийн шүүх хуралдааныг товлон зарлаж тов мэдэгдсэн баримтад хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулдаг. Ингэснээр шүүх хуралдаан хойшлох нөхцөл шалтгаан багасдаг.
-Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хорих ангид саатуулагдаж байгаа хүмүүс ирж оролцдог. Тэд халдвар авч, хорих ангид тараахгүй гэх баталгаа бий юу? Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн I дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно." гэж заасан. Гэхдээ Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 5.3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчийг биечлэн оролцуулах бөгөөд бусад оролцогч биечлэн оролцох хүсэлт гаргасан тохиолдолд тусгайлан тоноглосон өрөөнөөс дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулна.” гэж заасны дагуу хорих ангиудтай цахимаар шүүх хуралдаан явуулж байна.
-Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд цөөнгүй халдвар авч байна. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй үргэлжлэх хүний нөөцийн боломж хэр байгаа вэ?
-Короновируст халдвар /ковид-19/ цар тахлын эрсдэлтэй үед шүүх байгууллага тасралтгүй ажиллаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нараас халдварын тохиолдлууд гарсаар байна. Тус хугацаанд нийт албан хаагч нарыг Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу багасгасан хуваариар ажиллуулж аль болох л шүүх хуралдааныг цахимаар явуулахыг зорьж шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах тал дээр тогтмол анхаарал хандуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин, www.polit.mn сайт 2021.07.06