Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр /2021.03.18/ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.

      Уулзалтаар талууд хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн 3 дугаар үе шатын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Энэ үеэр хатагтай Тамүра Эрико төслийн хүрээнд хийгдсэн цуврал 13 видео хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө.

 

     

     Уг төсөл нь хоёр үе шаттайгаар хоёр жилийн хугацаатай хэрэгжиж байгаа бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор Японы сургагч багш нарыг Монголд урьж, эвлэрүүлэн зуучлалын талаар онол, практикийн сургалт зохион байгуулах замаар Монгол Улсын эвлэрүүлэн зуучлагч нарыг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

     

       Уулзалтад Шүүхийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын референт Р.Ичинхорлоо, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын ажилтан С.Сутайбильгэ нар байлцав.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР