Нээлттэй Нийгэм Форум(ННФ) Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хараат бус судалгаа, мониторинг хийх тэтгэлгийг зарлалаа.

Судалгааны төслийн шалгаруулалтад эрх зүйч, хуульч, судлаачид оролцох боломжтой бөгөөд тэтгэлгийн гол зорилго нь шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэлийн хэрэгжилтэд цаг тухайд нь бодлогын шинжилгээ, үнэлгээ, мониторинг хийх, улмаар салбарын судалгааны чадавхыг нэмэгдүүлэх юм.

ННФ нь шалгарсан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэтгэлэг хэлбэрээр олгож, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгааны үр дүнг нийтэлж олон нийт болон хуульчдын хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.

Ингэхдээ тэтгэлгийг дараах байдлаар олгоно.

1.     БОДЛОГЫН СУДАЛГАА – /Тэтгэлгийн тоо - 1/

Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой шүүхийн үйл ажиллагааны хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх, тэр тусмаа шүүхийг тойргийн болон дагнасан хэлбэрээр байгуулахтай холбоотой бодлогын зөвлөмж боловсруулах судалгааны тэтгэлэг олгоно. 

2.     ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН МОНИТОРИНГ /Тэтгэлгийн тоо -1/

Шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал үүрэгтэй шүүхийн шийдвэрийн ил тод байдалд буюу www.shuukh.mn цахим санд шүүхийн шийдвэрүүд цаг тухайдаа, бүрэн эхээрээ орж буй эсэхэд мониторинг хийхэд тэтгэлэг олгоно.

3.     ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА  /Тэтгэлгийн тоо – 7-8/

Шүүхийн шийдвэрийн санг ашиглан дүн шинжилгээ хийх замаар шийдвэрийн ил тод байдал, чанарыг бэхжүүлэх, хуулийн хэрэглээг нэг мөр болгоход хувь нэмэр оруулахад дараах сэдвээр шүүхийн шийдвэрээс түүвэрлэн судлах судалгааны тэтгэлэг. Төслийг дараах сэдвээс сонгон боловсруулах юм. Үүнд:

Иргэний шүүхийн практик

  • Сургалтын гэрээний маргаан (ЕБС, их дээд сургууль болон суралцагч, эцэг эхийн хооронд байгуулсан гэрээний маргаан)
  • Цахим хэлбэрээр хийсэн гэрээний маргаан (ИХ-ийн 42.10, 42.11 болон 42 зүйлийг хэрэглэж шийдвэрлэсэн маргаан)
  • Эрүүл мэндийн үйлчилгээний гэрээний маргаан (1 тал нь эмнэлэг, сувилал, нөгөө тал нь эмнэлгийн үйлчилгээ авагч)
  • Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйл буюу худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын зохицуулалтыг хэрэглэж хэрэг маргаан
  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн хэрэг маргаан

Захиргааны хэргийн шүүхийн практик

  • УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэр буюу  Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 заалтыг Захиргааны хэргийн шүүхэд хэрэглэсэн байдал
  • Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг маргаан дахь хууль хэрэглээ:  "Хангалттай сонирхол илэрхийлэх"  буюу ЗХШХШтХ-ийн 52.5.5-д заалтын хэрэглэсэн байдал
  • Давхар татварын гэрээний хэрэглээ, шүүхийн практик
  • Нийтийн ашиг сонирхолтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хуралдааныг хойшлуулж буй байдал, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдэд тавигдах шаардлага,  нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцааж буй шийдвэр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэх, эсхүл шийдвэрлэхдээ шүүх уг хөндөгдөж буй ашиг сонирхлыг шийдвэртээ тодорхойлж буй байдал, ЗХШХШТХ-иар нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж болох хүрээг бүрэн тогтоосон зэрэг асуудлыг шүүхийн шийдвэрт үндэслэн судлах

Эрүүгийн хэргийн шүүхийн практик

  • Эрүүгийн хуульд шинээр тусгасан гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик
  • Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийн  дүн шинжилгээ

Шүүхийн харьяалал болон бусад шүүхийн практикт хамаарах асуудал

  • Төрийн үйлчилгээний болон Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой Захиргаа болон Иргэний хэргийн шүүхийн практик, хууль хэрэглээ
  • МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар албан тушаалаас чөлөөлөгдөж буцаан томилогдоогүй 12 шүүгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шийдвэр
  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны хөдөлмөрийн маргааны хэргийн харьяалал
  • Монгол Улсын олон улсын хэрэглээ ба шүүхийн практик
  • Арбитрын шийдвэртэй холбоотой Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, практик, тулгамдсан асуудал
  • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн хэргийн шүүх шийдвэрлэж буй байдал

Төслийн өргөдлийг 2021 оны 3 сарын 24-ний Лхагва гарагийн 18:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлэх ба тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, авах боломжтой.

Эх сурвалж: http://forum.mn