Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлав
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.01.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан юм. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Уг тогтоолын төсөлд иргэнд шүүхийн үйлчилгээг хүрээмжтэй хүргэх, зориулалтын шаардлага хангасан барилга байгууламж барихад шаардагдах зардлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2020-2026 оны жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган үе шаттайгаар шийдвэрлэх, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлэх, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн албан хаагчийн цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор баталсан цалингийн сүлжээнд нэмж тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгахаар тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Үргэлжлүүлэн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Амарсайхан, С.Одонтуяа нар асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn