Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-аас хоёр оны заагт буюу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн тамгын газарт Тоёота Пруис-30 авто машин олголоо. Машин гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир болон дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, албаны бусад хүмүүс байлцав.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир авто машин олгох болсон шалтгааныг дурдаж хэлсэн үгэндээ “Багануурын шүүхийн хамт олон хуулиар хүлээсэн үүргээ цаг ямагт хариуцлагатай, шударгаар хэрэгжүүлж, дүүрэг орон нутгийн төр захиргааныхаа байгууллагатай эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг бусад олон ажлуудад нягт холбоотой, хамтарч ажилласныг үнэлж автомашин олгох болсон” талаар цохон тэмдэглэсэн юм.
Дүүрэг орон нутгаас шүүхийн байгууллагад авто машин олгосон явдал нь үүсгэн байгуулагдсанаас хойших 40 жилийн хугацаан дахь анхны тохиолдол болж байгаагаараа онцлогтой юм.
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар