Иргэний хэргийн шүүгчдэд зориулсан “Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба Иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт сургалтын II ээлж Нийслэлд болон Булган аймагт өнөөдөр /2020.10.19/ эхэлж байна.
Нийслэл дэх сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр нээж, иргэний хууль хэрэглээний сургалтыг уламжлал болгон амжилттай хамтран зохион байгуулж ирсэн Улсын Дээд шүүхийн Иргэний танхим болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, хамтран ажилласан шүүгч-сургагч багш нарт нийт шүүгчдийн өмнөөс талархал илэрхийллээ. Тэрбээр “Шүүхийн ерөнхий зөвлөл сургагч багшийн ур чадварыг ахиулж, сургалтын чанар, үр нөлөө, хүртээмжийг жилээс жилд агуулга, хөтөлбөрийн түвшинд шинэчилж байх эрмэлзэлтэй. Учир нь шүүгчийн чадвар, оюун мэдлэг нь хараат бус байдлынх нь баталгаа болж байдаг. Та бидний хамтын хичээл зүтгэл, шүүгчийн сургалтыг шинэ шатанд гаргах, шүүн таслах ажиллагааны үр нөлөөг сайжруулах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангахад чухал нөлөөтэй” болохыг онцолсон юм.
Энэ удаагийн сургалтанд нийслэл, дүүргийн иргэний хэргийн шүүхийн 30 шүүгч хамрагдаж байгаа бөгөөд сургалтын III ээлж 2020 оны 10 дугаар сарын 26-28-нд, IY ээлж 2020 оны 11 дүгээр сарын 02-04-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР