Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран “Залуу шүүгчдийг чадавхжуулах менторшип хөтөлбөр”-ийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг  хүртэлх 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

    “Шинэ шүүгчдийг чадавхжуулах менторшип хөтөлбөрийн үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ  “Монгол Улсын шинэ шүүгчдийг чадавхжуулах, шүүн таслах ажиллагааны үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлэх, туршлагатай шүүгчдийн мэргэжлийн ур чадвараас суралцах боломжийг бүрдүүлж, шүүх эрх мэдлийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаа Азийн сан болон хөтөлбөрт хамрагдсан нийт шүүгчдэдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Иргэдийн шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд тавих хяналт идэвхтэй болсон өнөө үед шүүгчийн нийгэмд итгэл төрүүлэхүйц биеэ авч явах, нийгмийн мэдрэмжтэй байх, алхам тутамдаа зогсолтгүй мэдлэг боловсрол, ур чадвараа ахиулж хөгжиж байх боломжийг бүрдүүлснээрээ энэхүү хөтөлбөр чухал ач холбогдолтой. Нөгөө талаар шүүгчийн зан төлөв, хувийн хараат бус байдлаа хангах, ажиллах орчны дадал хэвшил, ёс зүйг чанд сахих туршлагыг ментор шүүгчээс суралцсан нь шинэ залуу шүүгчдийн хувьд өгөөжтэй сургалт болж байгаа нь бид цаашдаа энэхүү сургалтыг улам бататган, уламжлал болгон хэвшүүлж, шинэ залуу шүүгчдээ чадавхжуулах итгэл дүүрэн байна” гэдгийг онцолсон юм.   

 

  

    Хөтөлбөрийн хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа,  ментор, менти нийт 31 шүүгч оролцлоо.   

 

   

    Тус хөтөлбөрт ментороор ажилласан ахмад шүүгч Д.Ням, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Оюунтуяа, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа нар, ментигээр ажилласан  Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг нар санал, сэтгэгдлээ илэрхийлсэн юм.  

     Хэлэлцүүлгийн төгсгөлд Азийн сангаас Менторшип хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулж, хөтөлбөрийг сайжруулан боловсруулахтай холбоотойгоор хөтөлбөрийг боловсронгуй болгох санал зөвлөмжийг дэвшүүлэв.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР