Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн В.Оюумаа, Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар өнөөдөр тус байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гавьяаныхаа амралтад гарсан Н.Ганбаяр, А.Баасанжав, Ч.Жаргалсайхан, С.Мөнхтөр, Ж.Туяа нарын ахмадууд уулзалтад хүрэлцэн ирсэн юм.

 

          

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр “Ийм хүнд хүчир, амаргүй албыг нэр төртэй авч явж, бидэнд залгамжлан үлдээсэн Та бүхэндээ талархаж байна. Урд нь би хөндлөнгөөс хараад Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүмжилдэг л байсан. Харин одоо дотор нь ороод ажиллахаар амаргүй алба гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага олны анхааралд байдаг. Энэ байгууллагыг анх өөрийн байргүй байхаас эхлээд тулганы чулууг тавилцаж,  Үндсэн хуулийн байгууллага болж, өргөжин тэлэх хүртэлх хугацаанд Та бүхний маань оролцоо их чухал байсан” хэмээн талархал илэрхийлэв.

 

           

       Хэдийгээр гавьяаныхаа амралтад гарсан ч Шүүхийн тухай хуулийн төслийг анхааралтай ажиглаж, санаа зовниж суугаа гэдгээ ахмадууд илэрхийлж байлаа. Мөн Шүүхийн ахмадын холбооны зүгээс Шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, шүүгч, шүүхийн хараат бус байдлын ач холбогдлыг нийгэмд зөв талаас нь ойлгуулж, үзэл бодлоо илэрхийлж, залуус Та бүхэндээ урам, зориг өгч ажиллахад бэлэн байгаа хэмээн уламжлав. Уулзалт халуун дулаан найрсаг уур амьсгалтай болж өндөрлөлөө.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс