Маргаан бүр эхлэлтэй бас төгсгөлтэй. Эцэстээ үнэн л ялдаг. Энэ үнэний “эзэн” иргэн Л.Цэрэнбалжид шударга шийдвэр гаргасан шүүхэд талархал дэвшүүлсэн юм.

         “Од мөнх” компанийн ерөнхий захирал Л.Цэрэнбалжид байрны өмчлөлийн асуудлаар шүүхэд ханджээ. Тэрээр Н.Нүржин гэдэг хүнээс “Байшин  үйлдвэрлэх 2” комбинатын ажилчдын орон сууцны 53 дугаар байрны 27Б байрыг худалдан авч, Төрийн өмчийн хорооны 20 дугаар тогтоолоор орон сууц эзэмших эрхийн бичиг авчээ. Гэвч өөрийн хууль ёсны эзэмшлийн орон сууцыг өөр этгээд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсныг 2019 оны 4 дүгээр сард олж мэдсэнээр маргаан эхэлсэн байна.

         Л.Цэрэнбалжид захирал өөрийн худалдан авсан орон сууцандаа өөрийн компанийн ажилчдыг суулгадаг аж. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд тус компанийн ажилчин Ц.Даваасүрэн дээрх байранд гэр бүлийн хамт оршин сууж, тухайн эд хөрөнгийг тасралтгүй эзэмшиж, ашиглаж байжээ. Тухайн байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноор дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар байрны эзэмшигчийн хувьд Л.Цэрэнбалжид захирал гэрээ байгуулахаар очиж уулзахад тус компанийн албан тушаалтан “27а болон 27 гэсэн хаяг бүхий 2 этгээдтэй гэрээ байгуулсан тул танайхтай гэрээ байгуулах боломжгүй. Танд энэ асуудлаар маргаан байгаа бол холбогдох байгууллагад нь хандаж асуудлаа шийдвэрлүүл. Бидний шийдэх хэрэг биш”  гэсэн хариу өгснөөр асуудал эхэлжээ.

 

         

         Байшин үйлдвэрлэхийн 53 дугаар байрны 27 тоот нь 2003 онд хувьчлагдсан. Тухайн үедээ 34 метр квадрат  1 өрөө байрыг  17, 17 квадрат метрээр нь 2 хувааж ОСНАА газраас 27-ын А, Б болгож эзэмших эрх өгөхөд С.Жанцан гэдэг хүн эзэмшиж байгаад орон сууцаа өөрийн хамаатан Н.Нүржинд худалджээ. Ингэж байр Н.Нүржингийн мэдэлд шилжсэн гэсэн үг. 2008 оны 11 дүгээр сард дахин барилгажуулах болсон сургаар Н.Нүржин С.Жанцангийн эхнэрт дуулгаснаар байрны үл хөдлөх гэрчилгээ үзүүлж, дахин төлөвлөлт хариуцсан компани болох “Шинэ гэр” түншлэл ХХК-тай орон сууцжуулах гэрээ байгуулаад амжсан нь энэ.

            Иймд Л.Цэрэнбалжид 2019 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан гомдол гаргахад тус байгууллагаас 2019 оны 06 дугаар сард “Таны гомдлыг хангах боломжгүй, бичгээр хариу өгөх боломжгүй. Та гомдлоо ОСНААУГазар-т гарга” гэдэг хариу иржээ. Үүний дагуу ОСНААУГ-т хандахад гомдлын хариуд “ОСНААУГ-ын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигтээ “Байшин  үйлдвэрлэх 2 комбинатын ажилчдын орон сууцны 53 дугаар байрны 27 тоот хувьчлагдаагүй. Зөвхөн 27а тоот хувьчлагдсан, энэ асуудлаар шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэдэг хариу өгсөн байна. 27 тоот бүхий хаяг, бүртгэл байхгүй. Хувьчлагдаагүй байхад Улсын бүртгэлээс өмчлөх эрхийн гэрчилгээ бусдад олгосон нь хуурамч бичиг баримтын бүрдүүлэлт байсан аж.  

        Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр Иргэн Л.Жавхланд өмч хувьчлалын комиссын 1994 оны 50 тоот гэрчилгээ олгогдсоныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж, улмаар бэлэглэлийн гэрээгээр С.Жанцанд шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгэсэн гэсэн хариу өгсөн. Ийм учраас “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 53 дугаар байр 27 тоот хаяг бүхий орон сууцыг “Өмч хувьчлалын комиссын 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50 тоот гэрчилгээг, Л.Жавхлангийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “Од мөнх” компанийн ажилчин байртайгаа үлджээ.

“Од мөнх” компанийн ерөнхий захирал Л.Цэрэнбалжид “Шүүхээр өдөр тутамдаа явж амжихгүй байсан учраас өмгөөлөгч хөлсөлж 2 сая төгрөг төлсөн. Мэдээж багагүй цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохиролтой байлгүй яах вэ. Гэсэн хэдий ч асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлж чадлаа. Өнөөдөр дахин төлөвлөлт хийсэн байгууллагатай гэрээ хийж зөрүү мөнгийг нь төлөн ажилтнаа байртай нь үлдээх болсондоо үнэхээр баяртай байна. Шүүх  бол үйлчилгээний байгууллага гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Иргэн хэнд ч нээлттэй болсон нь үнэхээр таалагдаж байна. Нотлох баримтад тулгуурлан хэргийг мэтгэлцэх зарчмаар хянан хэлэлцэж, буруутай этгээдүүдийг ч хүлээн зөвшөөрүүлж хэргийн үнэн тодорлоо. Шүүгч, шүүгчийн туслахын уялдаа холбоо сайн байж хэргийг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж өгсөнд талархаж байна” хэмээн талархал илэрхийлэв.

         Эсрэг тэсрэг байр суурь, үнэн худал, шударга шударга бусын дунд шүүгч сууж байдаг. Шүүхийн шийдвэр  хэн нэгнийг гомдоож, өөр нэгнийг баярлуулах нь бий. Гэвч шүүх танхимд үнэн л ялдаг.

 

                                                      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар